Коронавирусийн халдвараас нийслэлийн иргэд өртөхөөс урьдчилсан сэргийлэх зорилгоор өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн Улсын онцгой комисс болон Нийслэлийн Онцгой комиссоос шийдвэр гаргаж, Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн дунд хүмүүс олноороо цуглах олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх, Их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаанд хөл хорио тогтоох, Нийслэлийн хэмжээнд бүх тѳрлийн баар, биллиард, спорт заал зэрэг спорт, соёл урлагийн газрууд, сургалтын төвүүдийн үйлчилгээг түр зогсоох шийдвэрийг дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл мөрдөн хэрэгжүүлэх А/436 дугаар захирамжийг өмнө нь гаргаж байсан.
Тэгвэл өмнө гарсан дээрх захирамжийн хуулийн үйлчлэл өнөөдөр дуусгавар болж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан А/590 дүгээр захирамж гаргажээ.
Захирамжид өмнөх захирамжийг үйлчлэх хугацааг 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгаж байгааг дурьдсаны зэрэгцээгээр улс, нийслэлийн эдийн засаг, хувийн хэвшлийн байгууллага, түүнд ажиллагчдын үйл ажиллагааг дэмжих зорилгоор, мөн Засгийн газраас өгсөн үүрэг чиглэл, иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлт, саналыг үндэслэн нийслэлийн нутаг дэвсгэрт стандартын шаардлага хангах хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа спорт заал, бассейн, бүжгийн клуб, сургалтын төвийн тэнхмийн сургалтаас бусад сургалтын үйл ажиллагааг нээхээр заажээ.
Мөн архи согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарийг 07:00-00:00 цаг болтол сунгасан бол шашин сүм хийдийн байгууллагууд зөвхөн дотоод үйл ажиллагаагаа эрхэлж болохыг захирамжид дурьджээ.