Говь-Алтай аймгийн Төгрөг суманд хавхаар тарвага агнаж, хүнсэндээ хэрэглэсэн өгүүлэмжтэй 15 настай хүүхэд нас барсан талаарх мэдээллийн өчигдөр /2020.07.12/ хүргэсэн билээ.
Өнөөдөр /2020.07.13/ ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл энэ талаарх мэдээллийг өглөө. Тэрээр : "Нарийвчилсан PCR шинжилгээ хийлгэхээр дээжийг ЗӨСҮТ-д авчирч байгаа. Урьдчилсан байдлаар тарваган тахлын булчирхайн хэлбэр хүндэрч үжлийн хэлбэрт орж нас барсан гэсэн онош гарсан. Тарваган тахлын онц идэвхжилтэй энэ жил тарваганы мах хэрэглэхгүй байх, тарвага агнахгүй байхыг ард иргэддээ дахин сануулъя. Тарваган тахал нь хоруу чанар ихтэй, уушгины хэлбэр нь коронавирустэй ижил хурдан явцтай байдаг" гэлээ.
Тарваган тахлын сэжигтэй тохиолдлын нэгдүгээр хавьтал 15, хоёрдугаар хавьтал 11 хүн бий бөгөөд нэгдүгээр хавьтлуудыг тусгаарлаж, антибиотик эмчилгээнд оруулжээ.