Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн “Цагаан даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 10 км/ 93-80 УБЛ улсын дугаартай, “Норд Бенз” загварын шатахуун тээвэрлэсэн автомашин “Цагаан даваа” уруудах замдаа онхолдож замын хажуу руу унан шатаж байна гэсэн дуудлагыг 7 сарын 15-ны өдрийн 15:49 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч дарга, хурандаа Д.Эрдэнэбаатараар ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 10 км замыг туулан 15:58 цагт очиход “Норд Бенз” загварын, автомашин шатсанаас эсрэг урсгалд зорчиж явсан 4 автомашин Аллион, Альфард, Форестер, Сонат-7/, 1 мотоцикл өртөн шатаж байсныг 32 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт 2 иргэн өртөж нас барсан /Г /50 настай, эмэгтэй/, Х /6 настай, эмэгтэй/, 16 иргэн түлэгдэж гэмтсэнийг Ихтамир сумын эмнэлэгт 4 иргэн, Аймгийн нэгдсэн эмнэлэгт 12 иргэн хүргэгдсэнээс /1 иргэн хүлээн авахад, 7 иргэн мэс заслын тасагт, 4 иргэн сэхээн амьдруулах тасагт/ шилжүүлэн эмчилж байна. “Шунхлай” ШТС-ийн гэрээт “Тэргүүн Эрдэнэ” ХХК-ийн жолооч Б “Норд Бенз” загварын шатахуун тээвэрлэх автомашинаар АИ-92 шатахууныг /35970л/ Улаанбаатараас хотоос Завхан аймгийн чиглэлд тээвэрлэж явсан байна. Түлэгдэж гэмтсэн иргэдийг Улаанбаатар хот руу хүргэхээр ЗХЖШ-ын МИ-171Е загварын нисдэг тэрэг Улаанбаатар хотоос 04:25 цагт Булган аймгийн чиглэлд хөөрч, 05:42 цагт буусан. 06:19 цагт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын чиглэлд хөөрч 07:15 цагт Архангай аймагт газардсан байна.