Цаг үеийн мэдээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын 1 дүгээр багийн нутаг Анжигас гэх газарт байрлах “Мөнх Эрин Трэйвэл” ХХК-ний “Агарта ресорт” амралтын газар бохир усаа Хөвсгөл нууранд асгаж байна гэсэн мэдээлэл цахим орчинд тарсантай холбогдуулан Хатгал тосгон, Ханх сумын Мэргэжлийн хяналтын Байгаль орчны хяналтын улсын байцаагч нар, Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Хатгал тосгоны Цагдаагийн хэсгийн Экологийн цагдаа, Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргаа, Хатгал дахь усны харуул, Хатгал дахь Онцгой байдлын ангийн холбогдох албан хаагч нарын хамтарсан ажлын хэсэг 2020 оны 07 дугаар сарын 17-ны өглөө Хөвсгөл нуурын зүүн эрэг орчмоор завьтай тандалт хийж цахим орчинд тарсан зураг дээрх газарт очсон байна.

Тухайн газар нь Чандмань-Өндөр сумын нутагт хамаарах Хатгал тосгоноос 80 орчим км зайд байрлах Балчиргант гэх газар юм. Тухайн хэсэг нь намгархаг, тээврийн хэрэгсэл очих боломжгүй газар бөгөөд нуурын эрэгрүү шинэс мод унасан ховил дагаж ойр орчмын шаварлаг хөрс бороо, үерийн усаар дамжин нууранд орсон байдалтай байна. Ажлын хэсэг нуурын усны болон хөрсний дээжийг авч, дроноор бичлэг хийн баримтжуулсан ба Агарта ресорт амралтын газарт шалгалт хийхээр хөдөлсөн. Хяналт шалгалт үргэлжилж байна.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Таны сурталчилгаа