Цаг үеийн мэдээ

2020.07.13-07.16-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 551 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 294 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 27 хүн гэмтсэн. Эдгээрийн 4 нь хүүхэд. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт  7 хүний амь нас хохирсноос 3 нь хүүхэд байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал: 

2020.07.13-ны өдрийн 02 цагийн орчим Архангай аймгийн цэнхэр сумын Алтан овоо багт асфальтан замд Toyota-Corolla маркийн автомашин онхолдож, жолооч 31 настай, эрэгтэй Ц-гийн амь нас хохирсон.

2020.07.13-ны 19 цагийн орчим Дорнод аймгийн Цагаан овоо сумын 2-р багт сумын төвөөс 50 км зайд шороон замд Hyundai-Porter маркийн автомашины жолооч 33 настай эмэгтэй А нь Монгол гэр дайрч, гэрт байсан 1 настай, эмэгтэй О-гийн амь нас хохирсон.

2020.07.14-ны шөнийн 04 цагийн орчим Налайх дүүргийн 1-р хороо Дүүргээс хойш 7 км асфальтан замд Toyota-Prius маркийн автомашины жолооч Л нь явган зорчигч 47 настай эрэгтэй, Б-г мөргөж амь насыг  хохироосон.

2020.07.14-ны 11 цагийн орчим Төв аймгийн Сэргэлэн сум 4-р баг “Жуулчны бааз” гэх газарт асфальтан замд Toyota-Prius маркийн автомашин онхолдож, зорчигч 39 настай, эрэгтэй Э-гийн амь нас хохирч, 3 хүн гэмтсэн.

2020.07.15-ны 15 цагийн орчим Архангай аймаг Эрдэнэбулган сум 1-р баг “Цагаан даваа” гэх газарт шороон замд Dong-Feng маркийн том оврын ачааны автомашин онхолдож, улмаар тээвэрлэж явсан шатахуун асгарч 5 тээврийн хэрэгслийн шатаж, 2 хүний амь нас хохирч, 16 хүн их бага хэмжээний түлэгдсэн.

2020.07.16-ны 15 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 4-р баг 5-р хэсэгт хашаан дотроо хувийн эзэмшлийн Kia Bongo маркийн автомашины жолооч Э нь хашаан дотор хөдөлгөөн эхлэх үедээ 2 настай Ө мөргөж амь насыг хохироосон.

2020.07.16-ны 20 цагийн орчим Ховд аймаг Дөргөн сум Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт Даун маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч М нь Мустанг 5 маркийн улсын дугааргүй Б жолоочтой мотоциклтой мөргөлдөж жолооч Б-ийн амь нас хохирсон байна. 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 110 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 5 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.  

Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 378 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.

Иймд жолооч нарыг алсын замд хурдаа бүү хэтрүүл яараад яахав дээ, зорчигч нарынхаа хамгаалах бүсийг бүслүүлж хайртай хүмүүсээ хамгаалахыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. 

- Хамгаалах бүсээ хэрэглэж, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгах;

- Шөнийн цагт тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг дүрмийн дагуу хэрэглэх;

- Тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон хурднаас хэтрүүлэх байх мөн зам орчны байдалдаа хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох;

- Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг өөрийн биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх;

- Олон хоногоор тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол жолооч та амралтаа зөв зохицуулж хөдөлгөөнд оролцох;

- Зорчигч та жолоочид тогтмол хяналт тавьж байх; /хурдаа тохируулж байгаа эсэх, шөнийн цагт тээврийн хэрэгслийнхээ гадна талын гэрлээ зөв хэрэглэж байгаа эсэх, урсгал сөрж байгаа эсэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг зөв гүйцэтгэж байгаа эсэх, замд түр болон зайлшгүй зогсолт хийхдээ тээврийн хэрэгслээ зорчих хэсгийг бүрэн чөлөөлсөн эсэх, хөдөлгөөнд оролцох үедээ гар утас ашиглаж  байгаа эсэх, нойрмоглож байгаа эсэх/

 

Таны сурталчилгаа