“Жи-Тайм” сүлжээний гэгдэх хэрэг буюу шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хэлэлцэж, шийдвэрээ гаргасан. Шүүхийн шийдвэрийн талаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Оюунцэцэгээс тодрууллаа.
-“Жи-Тайм” сүлжээний гэгдэх хэргийг анхан шатны шүүх хэлэлцэж, шийдвэрээ гаргалаа. Чухам ямар шийдвэр гаргасан бэ?
-Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Оюунчимэгт холбогдох хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцсэн. Уг хэргийн хохирогчийн тоо 11 мянга гаруй. Хохирогчид шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй учраас шүүхийн ил, тод нээлттэй байдлыг хангах үүднээс шүүх хуралдааныг www.zindaa.mn сайттай хамтран live хэлбэрээр шууд дамжуулан үзүүлсэн.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Оюунчимэгийг зохиомол байдал зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
-Хохирогчдын хохирлыг хэрхэн барагдуулах вэ?
-Шүүхээс шүүгдэгч Э.Оюунчимэгээс 11 тэрбум 830 сая 503 мянга 841 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулах, 906 иргэний хариуцагчаас 6 тэрбум 881 сая 661 мянга 229 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулах, мөн Төрийн сан дахь Мөрдөн байцаах албаны тусгай дансанд байршуулсан 7 тэрбум 89 сая 588 мянга 699 төгрөгийг хохирогч нарт хувь тэнцүүлэн олгуулах, мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хурааж, шүүхийн захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн 6 автомашиныг худалдан борлуулж, борлуулсан орлогыг хохирогч нарт олгуулахаар тус тус шийдвэрлэсэн.
-Хохирогчдын нэрсийн жагсаалтыг хаанаас үзэх боломжтой вэ?
-Уг хэрэг шүүхэд шилжиж ирсэний дараа Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын http://
-906 иргэний хариуцагч гэдгийг тодруулаач?
-906 иргэний хариуцагчийн тухайд “Жи тайм” сүлжээний хөтөлбөрт хамрагдаж сүлжээнд оруулсан мөнгө болон урамшуулал авсан хүмүүсийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өгсөн мөнгөнөөсөө илүү урамшуулал авсан хүмүүсээс 6 тэрбум 881 сая 661 мянга 229 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулахаар шийдвэрлээд байна.
-Шүүхийн шийдвэр хэзээ хүчин төгөлдөр болж, хохирогчид хохирлоо барагдуулах бол?
-Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоол бичгийн хэлбэрээр гарч хэргийн оролцогчид болох улсын яллагч, өмгөөлөгч, шүүгдэгч, хохирогч, иргэнийн нэхэмжлэгч, хариуцагч нарт гардуулдаг. Өөрөөр хэлбэл, шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор гомдол, эсэргүүцэл гаргахгүй бол тогтоол хүчин төгөлдөр болж тус шүүхээс гүйцэтгэх хуудас бичигдэж Нийслэлийн шүүхийн шйидвэр гүйцэтгэх газарт хүргэгдсэнээр хохирол гаргуулах ажиллагааг тус байгуулага гүйцэтгэнэ.
-Хэрэв аль нэг тал гомдол гаргасан тохиолдолд яах вэ?
-Шүүхийн шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах /хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч/ нар болон улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй байдаг. Хэрэв гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тухайн шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл Баянгол дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолын биелэлтийг түр түдгэлзүүлдэг. Энэ тохиолдолд хохирол гаргуулах, гүйцэтгэх хуудас бичигдэх ажиллагаа мөн хугацаагаар хойшлогдоно гэсэн үг юм.
-Хохирогчид шийтгэх тогтоол албажсныг хэрхэн мэдэх вэ?
-Шийтгэх тогтоолыг хэргийн оролцогч нарт гардуулах ажлыг тус шүүхийн тамгын газраас зохион байгуулан ажиллах бөгөөд үүнтэй холбоотой мэдээллийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн facebоok хуудас болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэргийн оролцогч нарт хүргэх болно.