БНХАУ нь 2020 оны гуравдугаар сарын 23-н өдрөөс гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан.
БНХАУ-д зорчих хүсэлт гаргасан Монгол Улсын 170 гаруй иргэний хүсэлтийг Гадаад харилцааны яам хүлээн аваад байгааг тус яамнаас мэдээллээ.
Эдгээр хүний 110 орчим иргэн нь холимог гэр бүл буюу Монгол-БНХАУ-ын иргэд хоорондоо гэр бүл болсон иргэд байгаа бол 60 гаруй Монгол иргэний бизнес, ажил зэрэг нь БНХАУ-д байдаг учир тус улсад зорчих хүсэлтэй. Мөн энэ дотор бага сургуульд суралцдаг сурагчид багтаж байгаа аж.
БНХАУ-д суралцдаг 12 мянга орчим Монгол оюутан байдаг бөгөөд 2020-2021 оны хичээл нь хэзээ эхлэх нь тодорхой болоогүй бөгөөд БНХАУ-ын зүгээс оюутнуудыг хэрхэн сургуульд нь суралцуулах шийдвэрээ гаргаагүй байна.
Одоогоор оюутнуудын хувьд БНХАУ-руу зорчих хүсэлт хараахан гаргаагүй бөгөөд БНХАУ-ын тал шийдвэрээ гаргасны дараа уг асуудал тодорхой болох юм байна.
Монгол, Хятад улсын хооронд "Ногоон гарц" түр журам үйлчилж буй бөгөөд энэхүү түр журмаар БНХАУ-ын тал зөвхөн ачаа тээврийн жолооч нарыг хоёр улсын хилээр нэвтрүүлэх, буцаан оруулах асуудлыг зөвшөөрч буй бөгөөд бусад зоригчийг нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн учир БНХАУ-д түр болон удаан хугацаанд зорчих хүсэлт гаргасан иргэдийг тус улс руу явуулах боломжгүй байгаа талаар Гадаад харилцааны яам мэдээллээ.