"Газар тариалангийн салбарт экстейншний үйлчилгээ, технологи дамжуулалтыг сайжруулах шийдэл, тэргүүн туршлага" сэдэвт Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн хаалтын хурал өнөөдөр /2024.11.27/ боллоо. Хурлаар төслийн үр дүн, ололт амжилтын талаар ярилцаж, дүгнэлээ.
Хурлын нээлтийн үеэр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Монгол оронд атар газар эзэмшсэний 65 жилийн ой энэ жил тохиож байна. Үүнээс сүүлийн 12 жилд нь “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл бидэнд түшиг тулгуур болж, газар тариалангийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах, институтийн болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд маш их хувь нэмэр оруулсан.
2021 онд батлагдсан Таримал ургамлын үр, сортын тухай хууль, 2022 онд батлагдсан Сорт сорих, сортын үндэсний бүртгэлд бүртгэх, бүртгэлээс хасах журам, 2024 онд батлагдсан Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн төслүүдийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулахад мэргэжлийн туслалцаа үзүүлж, хамтран ажилласан. Тариалангийн даатгалын тухай хуулийн төслийг мөн төслийн тусламжтайгаар боловсруулж, хэлэлцүүлэхэд бэлэн болоод байна. Газар тариалангийн салбар дахь манай хоёр орны хамтын ажиллагаа “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөр дамжин улам эрчимжсэнд бид бүгд баяртай байдаг. Төсөл маань энэ онд дуусаж байгаа хэдий ч бидний хамтдаа бий болгосон бүхэн дахиад олон жил үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна. Монголын газар тариалангийн салбарыг 12 жилийн турш дэмжиж, хамтран ажилласан герман анд нөхдөдөө чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээн мэдэгдсэн юм.
Олон улсын төсөл хөтөлбөр, түншлэл хариуцсан 625 дугаар реферат Фрийдеманн Крафт Герман Улсын газар тариалангийн туршлагаас онцлон ярьсан юм. Тэрбээр “Жижиг талбайд хүнсний ногоо тариалагчдын хувьд нэгдүгээрт, зах зээлд эзлэх байр сууриа бэхжүүлэх, хоёрдугаарт төрийн бодлогод нөлөөлөхийн тулд зохион байгуулалтад орж, эвлэлдэж нэгдэх шаардлагатай. Германд тариаланчдын холбоо бэхэжсэн тогтолцоотой байдаг. Энэ дээр суралцах боломж монголд байна гэж харж байна. Хоёрдугаарт, германд төдийгүй монголд сүүлийн жилүүдэд борлуулалтын асуудал тулгамдаж байгаа. Германы хөдөө аж ахуйн бодлого нь борлуулалтыг дэмжихдээ аль болох орон нутгийн бүтээгдэхүүнийг тухайн орон нутагт нь борлуулахыг дэмжих стратеги баримталдаг. Цаашид ХБНГУ-ын Холбооны хүнс, хөдөө аж ахуйн яамны зүгээс цаашдаа ч гэсэн Монгол Улсад хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаа. Ялангуяа мэргэжилтнүүдийг хамтран туршлага солилцох, эрдэм шинжилгээний чиглэлээр мэдээлэл солилцох, төслүүдийг шинээр хэрэгжүүлэх чиглэлээр бид хамтарч ажиллах боломжтой” гэсэн юм.
Хурлын үеэр “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн дэд удирдагч доктор Б.Эрдэнэболор “Герман монголын хамтын ажиллагааны "Тогтвортой хөдөө аж ахуй төсөл маань газар тариалангийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах, институт болон хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ажиллаж ирсэн. Монгол орон уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн хүчтэй өртөж байгаа орнуудын нэг. Тиймээс Монголын газар тариалангийн технологи цаашдаа уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хөрсөө хамгаалахад чиглэсэн технологи байх ёстой.
Европын орнууд дотроос Герман Улс хөдөө аж ахуйн салбарын хууль тогтоомжоор маш сайн оронд тооцогддог. Германы газар тариалангийн тухай хуулийг Монгол Улс ч гэсэн боловсруулах чиглэл рүү нь бид Германаас мэргэжилтнүүдийг урьж, тус улсын мэргэжлийн байгууллагуудтай холбох, мөн Монгол дахь Ажлын хэсгийн уулзалтуудаар мэдээлэл, зөвлөгөө өгөх байдлаар хамтарч ажиллаж байна. Энэ хоёр хууль маань олон улсын жишигт нийцсэн сайн хууль болсон гэж манай салбарын яам маань дүгнэж байгаа” хэмээн онцолсон юм.
Төслийн хаалтын арга хэмжээний үеэр Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төслийн зохицуулагч Алфред Катер, “GFA Consulting group” ХХК-ийн Төслийн менежер Симон Виттих нарыг Хүнс, хөдөө аж ахуйн яамны жуух бичгээр, “IAK Agrar Consulting ХХК”-ийн Төслийн менежер Г.Ганцэцэг, Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй Төслийн дэд зохицуулагч Б.Эрдэнэболор, “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн ажилтан Ч.Төгсбат нарт ХХАА-н тэргүүний ажилтан цол, тэмдгээр тус тус шагналаа.