Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн сайдын зөвлөмж, Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рапид харш” хотхонд 2021 оны 3 дугаар сарын 18-ны өглөөний 06:00 цагаас эхлэн 72 цаг хүртэлх хугацаатай хэсэгчилсэн хязгаарлалт тогтоосон.

Тус байршилд 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс хойш Коронавирус /ковид-19/-ийн халдвар 36 тохиолдол илэрсэн тул хэсэгчилсэн хязгаарлалт тогтоож, тус байршлын бүх өрхийн иргэдээс 72 цагийн хугацаанд багтан PCR шинжилгээ авч, вакцинжуулалтад хамруулах зэрэг арга хэмжээг эхлүүлсэн юм.

2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хязгаарлалт тогтоосон “Рапид харш” хотхоны нийт 3,607 иргэнээс PCR шинжилгээ авч сорьцыг хүргүүллээ.

Мөн ариутгал, халдваргүйтгэлийг “Санхими” ХХК нь хийж гүйцэтгэн, мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж ажиллалаа. 

Байр, орцны хог тээвэрлэлт, цэвэрлэгээ үйлчилгээг СӨХ-ны үйлчлэгч хамгаалах хувцас, хэрэгсэл өмсөж хогийг цуглуулан, зориулалтын хогийн цэгт хаяж, цэвэрлэгээ хийсэн байна.

Халдварын аюултай болон ахуйн хог хаягдлыг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага авч халдваргүйтгэл хийж, ачиж тээвэрлэх арга хэмжээ авч ажиллав гэж Хан-Уул дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.