Цаг үеийн мэдээ

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй вакцинжуулалтын талаар ярилцлаа.

-Вакцинжуулалт энэ хурдаараа явбал үр дүн хэр байх бол?

-Монгол Улсын вакцинжуулалтын явц маш сайн хурдтай явж байна. Би БЗД-ийн 14 дүгээр сургууль дээр очиж хийлгэсэн.

УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Дархлаажуулалтыг хянах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна. Өдөрт 15-20 мянган хүнийг вакцинд хамруулж байгаа нь Улаанбаатар хотын хувьд хангалттай сайн гэж үзнэ. Дэлхий даяараа 230  сая гаруй хүн вакцин хийлгэсэн байна. Үйлдвэрлэгч, захиалга хоёр дэлхий даяараа таарахгүй байна гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Нэг үгээр, вакцин хүрэлцэхгүй байна. Тиймээс үүнээс ч хурдан хийх боломжийг вакцины хүрэлцээтэй холбоотойгоор хязгаарлаж байна. Манай улсад вакцин хурдан хийх техник, хүн хүчний боломж бүрэн бий. Монгол Улсад вакцинжуулалтын явц сайн явдаг. Мөн нэг сайшаалтай зүйл нь иргэд маш сайн оролцож байна. Иргэд голж шилэлгүй, байгаа вакцинаа хийлгээд явж байна. 2020 оны долдугаар сард өгсөн Пфайзер вакцины захиалга одоо дөрөвдүгээр сарын дундуур орж ирэхээр байна. Ер нь бол халдварын тархалтын хурд удаан, вакцин хийх хурдан буюу урвуу хамааралтай байж вакцинжуулалт амжилттай болох ёстой. Гэтэл халдварын тархалт их байгаад вакцин хийлгэсэн хэрнээ халдвар авах эрсдэл их байна. Тиймээс иргэд эхний тунгаа хийлгэчихээд хэт их тайвширч болохгүй. Аль болох амны хаалтаа зүүх, зайгаа барих, олон хүн цугласан газраар явахгүй байх гээд аюулгүй байдлаа бодохгүй бол вакцин хийснээс хойш 40  хоногийн дараа хоёр дахь тунгаа аваад үргэлжилсээр байгаад ер нь бол сар хагасын дараа л та хамгаалагдаж байна гэж бодох хэрэгтэй.  

-Халдварын тархалтын хурд удаан, вакцин хийх явц хоёр хурдан буюу урвуу хамааралтай байж вакцинжуулалт амжилттай болно гэж байна. Гэтэл манайд сүүлийн үед тархалт маш өндөр болчихлоо. Вакцинжуулалтын үр дүнд нөлөөлөх юм биш биз дээ?

-Бидэнд тайвшрал бий болчихлоо. “Нэг өрх-Нэг хаалга” шинжилгээний дараа вакцин хийгээд эхэлсэн. Ингээд маш их тайвшрал бий болсон. Тэр тайвшрал иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сулруулах, олон нийтээрээ бөөгнөрөх, удаан уулзаагүйгээсээ болоод уулзаж цуглах, хамгаалалтын дэглэм алдах асуудлууд байна. Энэ их буруу. Уг нь бол “Нэг өрх-Нэг хаалга” шинжилгээгээр 600 гаруй мянган өрхөөс шинжилгээ авч 33 голомтыг илрүүлсэн. Мөн өмнө нь тавьсан хөл хорионууд ч өгөөжөө өгсөн. Хөл хорио халдвар тархалтын хурдыг сааруулж өгсөн. Халдвар тархаж байгаа хурд удаан, вакцин хийж байгаа явц хурдан бол вакцинжуулалт амжилттай болно. Хэрвээ энэ байдлаараа өдрийн халдварын тоо нэмэгдээд байвал хөл хорио тогтоохоос өөр аргагүй. УИХ-аас томилогдсон ажлын хэсгээс дархлаажуулалтын ажилд хяналт тавьж, санал өгөхдөө 21.00 цагаас хойш хөл хорио тогтоох, Улаанбаатар хотоос гарч байгаа хөдөлгөөн хорих саналаа өгчихсөн. Хүн ажилдаа явж байгаад халдвар аваад байгаа нь гайгүй болчихлоо. Том, том эмнэлгүүдийн эмч, ажилчид вакцинд хамрагдчихлаа. Дээрээс нь халдвартай хүн ороод ирэхээр эмнэлэг тэр чигээрээ хаагддаггүй. Зөвхөн тэр газраа тусгаарлах арга хэмжээгээ аваад сурчихлаа. Одоо бол халдвар ахуйд байна. Орой үдэш олноороо их цуглаж байгаа нь маш их дэгдэлт үүсгэж байна. Тухайлбал, БЗД-ийн 26 дугаар хороонд голомтууд их байна. Хоме плаза, Оргил худалдааны төвөөр алдвар их гарсан байна. Үүгээр үйлчлүүлж байгаа иргэд халдвар авсан байх эрсдэлтэй. Энэ бүхэн голомт олдохгүй, мэдэгдэхгүй байх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Тиймээс хэсэг хэсгээр нь голомтыг тогтоогоод тэр дотор нь шинжилгээ хийгээд, богино хугацаанд хүч тарамдахгүйгээр халдвартай хүмүүсээ ялгаад авч болно. Одоо хүндрээгүй л бол гэрээр нь эмчилнэ гэж байгаа.

-Цаашдаа нөхцөл байдал хүндрэхээр байна уу. Та яаж харж байна вэ?

-Юу ч хийхгүй суувал хүндэрнэ. Монгол Улс харьцангуй хохирол багатай яваа. Энэ том эрч хүчээ алдаж болохгүй. Би бүтэн хөл хорионы асуудал яриагүй байна. Ер нь 21.00 цагаас хойш хөл хорио тогтоогоод, үйлчилгээний газрууддаа хяналт тавиад, үзвэр үйлчилгээгээ зогсооё. Ингээд ажлуудаа эрчимтэй хийвэл ард нь гарч чадна гэж бодож байна.

-“Нэг хаалга-Нэг шинжилгээ” хийгээд хөл хорио тавихдаа үзвэр үйлчилгээг нээсэн нь буруу шийдвэр болсон уу?

-Бидэнд тоо байна. Драмын театраас гэхэд 250 гаруй халдвар илэрсэн. Үүнээс салбарлаад маш олон голомт үүссэн. 250-ыг тавд үржүүлбэл хэд болох уу. Ингээд л халдвар ихэсчихэж байна.

-Манай улс гурван төрлийн вакцин хийж байна. Гэтэл АстраЗенека вакцин муу, хятад вакцин муу гэсэн зүйл нийгмийн сүлжээнд маш их явж байна. Одоо манайд хийж байгаа вакцины хүнд үзүүлж байгаа сөрөг урвал ямар байна вэ?

-Вакцины үйлдвэрлэж байгаа аргаас хамаараад вакцинууд хоорондоо ялгаатай. Үр дүнгийн хувьд бол голж шилэх юм байхгүй. Гагцхүү давуу тал, сул тал гэдгийг л ярих ёстой. БНХАУ-ын Синофарм компанийн вакцин коронавирус гэдэг вирусийг идэвхгүй болгоод хүний бид оруулж байгаа. Үзүүлэлтээрээ БНХАУ-ын вакцин бүр ч давуу байх магадлалтай. Үүнийг энгийнээр тайлбарлавал, вирус өөрөө гадаргуу дээр маш олон антентай. Тэр антен болгоны эсрэг дархлаа үүсгэх ёстой. Өмнөх вакцинууд зөвхөн тэр вирусийн гадаргуу дээр байгаа S уургийг л аваад түүний мэдээллийн РНХ юм уу, ДНХ-ээс аваад вакцин үйлдвэрлээд гаргасан. Жишээлбэл, Пфайзер, Модернагийн вакцин бол мэдээллийн РНХ-г нь ялгаж аваад гадна талд нь бүрхүүл үүсгээд хүний биед оруулж байгаа. Энэ нь вирусийн гадна байгаа ганцхан антен буюу S уургийг л үйлдвэрлэнэ. Тэр уургийг хүний бие өөрөө үйлдвэрлээд үүний эсрэг дархлааны эсүүд ажиллаад дархлаа тогтоох ёстой. Спутник-В, АрстраЗенека хоёр бол ижилхэн. Энэ хоёрыг вирус дээр S уургийн мэдээллийг вирус дотор суулгаад хүний биед оруулахад орсон вирус нь үхээд дотроос нь ДНХ гарч ирээд S уураг хийгдэж дархлаа үүсгэх ёстой.

-Вакцин хийлгэсэн эмэгтэйчүүд зургаан сарын дараа жирэмсэлж болно гэсэн мэдээлэл яваад байгаа. Энэ үнэн үү?

-Тийм зүйл ерөөсөө байхгүй. Яагаад гэхээр одоо байгаа бүх вакцин синтетик. Удмын мэдээлэлд өөрчлөлт оруулах, нөхөн үржихүйд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Дөнгөж үйлдвэрлээд жил болж байгаа учраас ирээдүйд яахыг хэлж мэдэхгүй гэж хэлэхээр зарим хүн нөхөн үржихгүй, хүний генийн бүтэц орчихно гэж бодоод байна. Энэ нь дархлаа хэр удаан тогтох вэ гэдгийг мэдэхгүй л гэсэн үг. Гэтэл үүнийг хэт гүнзгий хүлээж аваад байна. Анагаахын шинжлэх ухаан маш сайн хөгжсөний нэг илрэл бол тав, зургаан сарын дотор вакцинаа үйлдвэрлэлээс гаргаад ирсэн явдал. Энэ нь хүний биед аюултай зүйл ерөөсөө байхгүй. Энэ чинь синтетик. Амьд организм ороод хамаг юмыг нь өөрчлөөд явах боломж байхгүй.

-Тэгэхээр хоёр дахь тунгаа хийлгэсний дараа хэзээ ч жирэмсэлж болно гэж ойлгож болох уу?

-Болно оо. Үүнд сөрөг нөлөө байгаа гэж хэн ч яриагүй.

-Пфайзер вакциныг оруулж ирээд эрхтэн шилжүүлэн суулгасан болон 65-аас дээш насныханд тарина гэсэн. Тэгэхээр вакцин, сайн муу гэсэн ойлголт яваад байна л даа?

-Пфайзер үр дүн сайтай, аюулгүй гэдэг талаасаа эрхтэн шилжүүлэн суулгасан, хавдартай хүмүүст хийнэ гэж ярьж байгаа. Манай улсад эрхтэн шилжүүлэн суулгасан 700 гаруй хүн байгаа гэсэн тоо байдаг. Хавдрын эмчилгээ хийлгээд, даван туулсан гэсэн 16 мянга гаруй хүн байна. Яагаад Пфайзер хийнэ гээд байгаа вэ гэхээр сайн, муудаа биш дархлаа тогтох хувь нь өдөр байгаа юм. Эдгээр хүмүүс дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэж байдаг. Тиймээс дархлаа дарангуйлсан хүмүүст дархлаа арай өндөр үүсгэх магадлалтай Пфайзер юм байна гэж ярьж байгаа. Америкийн хавдрын өвчний нийгэмлэгээс Пфайзер үр дүнтэй байна гэсэн. Дархлаа тогтоож байгааг нь л хэлж байгаа юм шүү. Түүнээс муу нөлөөгүй гэсэн үг биш. Бусад вакцин ч муу нөлөөгүй. Дархлаа хэр сайн тогтох вэ л гэж яриад байгаа юм. Эрхтэн шилжүүлэх хагалгаанд орсон хүмүүс тогтмол дархлаа дарангуйлах эм ууж байгаа.

-Хувийн хэвшлийнхнийг вакцин оруулж ирэхийг төр дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Гэтэл хувийн хэвшил вакцин оруулж ирээд өндөр үнэтэй тарьж байна. Үнэнд төр зохицуулалт хийх боломж байх уу?

-Хэвийн хэвшлийнхнээс вакцин оруулж ирсэн цорын ганц газар бол "Монгол Эм Импикс". "Интермэд" эмнэлгээр дамжуулаад 10 мянган тунг 5000 хүнд Спутник-В вакциныг хийсэн. Ингэхдээ миний дуулснаар нэг тунг 120 мянган төгрөгөөр хийж байна гэсэн. УИХ-ын ажлын хэсэг Эрүүл мэндийн яам, сайдад нийгмийн хариуцлагын хүрээнд үнийн хөөрөгдөл үүсгэхгүй тал дээр анхаарах чиглэл өгсөн. Дэлхий дахинд Израиль гэх мэт улс хүн амынхаа 95 хувьд Пфайзер хийчихсэн баян улс байна. Тэд хоёр дахин өндөр үнээр бараг 70 ам.доллароор Пфайзер худалдаж авна гэж захиалга өгөхөд бэлэн байна. Тэгэхээр буурай хөгжилтэй буюу боломж таруу орнуудаа хаях эрсдэл байгаа. Үүнтэй ижилхэн улс оронд ч боломжтой хүмүүс нь вакцин хийлгээд байх биш, Засгийн газар нийт хүн амаа ялгалгүй, ямар нэгэн санхүүгийн эрсдэлд оруулалгүй вакцин хийнэ. Төр хувийн хэвшлийнхнийг дэмжиж байгаа. Оруулж ир гэж байгаа. Яагаад гэхээр дэлхий дээр вакцины хомстол байгаа учраас энэ тэндээс олоод ирэх боломж байгаа. Гэхдээ бизнес битгий болгоорой гэдгийг хатуу шаардаж байгаа. ДЭМБ буюу олон орон хатуу зохицуулалттай. Эмийг тухайн оронд борлуулах эрхийг өгөхдөө маш өндөр шалгуур тавьдаг орнуудыг хатуу зохицуулалттай гэж нэрлэдэг. Ийм хатуу зохицуулалттай хэд хэдэн оронд бүртгүүлчихсэн байвал Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрлийг нь олж өгөөд байгаа.

Монгол Улс захиалгаа өнгөрсөн долдугаар сараас хойш өгөөд байгаа. Үүний үр дүнд улс орнуудын ард хоцорчихгүй яваад байна.

-Вакцинд хамруулах ёстой хүн амынхаа хэдийн хувийг хоёр тунг нь бүрэн хийж байж дархлаажуулалт үүссэн гэж үзэх вэ?

-УОК болон Засгийн газраас барьж байгаа гол бодлого бол Улаанбаатар хотод тав, Монгол Улсад долдугаар сар гэж вакцинжуулж дуусгая гэж байгаа. Гол асуудал вакцины хангамжийн л асуудал болохоос хүний нөөц, хийх сүлжээ холбоонд асуудал байхгүй.

-Вакцин тасрахгүй гэсэн баталгаа байгаа юу?

-Би бол үүнийг хэлж мэдэхгүй, жаахан санаа зовж байна. Гэхдээ манай улс вакцин авах мөнгөгүй байгаа юм биш. 2021 оны төсөвт хүртэл вакцин авах мөнгө суулгасан. Дээрээс нь КОВАКС хөтөлбөр байна. Улс орнуудаас “Вакцин өгөөч. Бид мөнгөгүй гэж яваагүй” гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй.

-Ковидыг хэтэрхий улстөржүүлээд байх шиг. ХӨСҮТ-ийн эмнэлгийн даргыг хоёр сар ч хүрэлгүй дахиад сольчихлоо. Шадар сайд, Эрүүл мэндийн сайд нь очиж загнаад л ажлыг нь хийлгэхгүй юм?

-Би эрүүл мэндийн салбарынхныгаа өмөөрнө. Өмнөөс нь дуу хоолой болох ёстой. Ямар их ачаалалтай ажиллаж байгаа билээ дээ. Чуулган дээр Шадар сайд хэлэхдээ “Цөөхөн хэдэн хүн ашиг хонжоо хайх зорилгоор салбарын нэр хүндийг унагааж, буруу шинжилгээний дүгнэлт гаргасан” гэсэн. Хяналтын тогтолцоо алдагдсан байх магадлалтай л юм билээ. Хэдхэн хүнээс болоод бүхэл бүтэн салбар, тэр дундаа ХӨСҮТ-ийн өдөр, шөнөгүй ажиллаж байгаа ажилчид хохирч болохгүй. Хэрвээ үнэхээр ийм асуудал байгаа бол байгууллагын удирдлагуудтай уулзаад л ярчих байсан асуудал. Байгууллагын дарга нар өөрсдөө дотоод асуудлаа шийдээд явж чадна.

-Цар тахал манай улсад бүртгэгдээд жил, дотоодод халдвар алдаад дөрвөн сар болж байна. Үүнээс хойш одоо хамгийн их халдвар бүртгэгдэж, тархалт нэмэгдээд байна. Энэ үед ажлыг нь хийлгэхгүй, голомтод ажиллаж байгаа эмнэлгээ шалгаад байх нь буруу биз дээ. Шаардлагатай бол халдварын голомтоо хумьж, тохиолдлоо бууруулчихаад хариуцлагын асуудлыг ярьж болно шүү дэ.

-Тийм ээ. Дээр хэлсэнчлэн эхний удаад алдаа дутагдал байгаа бол эмнэлгийн удирдлагуудтай яриад, дотроо шийдэх боломжийг өгчих хэрэгтэй. Халдварын ард гарсны дараа бид ямар ч асуудал ярьж болно. Оройтохгүй шүү дээ. Нөгөө талдаа ганц хоёр хүний буруу үйлдлээс болоод халдвартай хүн энэ тэнд халдвар тараагаад байх нь маш их харамсалтай. Улс орноороо хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулаад ажиллаж байхад ганц нэг хүний алдаанаас болоод халдвар тархаж байгаа бол үнэхээр харамсалтай.

-Ярилцсанд баярлалаа.