Цаг үеийн мэдээ

Олон улсын эрүүгийн шүүхийн Ерөнхий прокурор Карим Хан Газын дайнд оролцогч талуудын удирдагчдыг баривчлах хүсэлт гаргасан байна. Тэрээр Израйлын Ерөнхий сайд Беньямин Нэтаньяху, Батлан хамгаалахын сайд Ёав Галлант болон Палестины Хамас бүлэглэлийн удирдагчид болох Исмаил Хание, Яхья Синвар, Мохаммед Деиф нарыг дайны болоод хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж байна. 

Карим Хан Засгийн газрыг Палестины ард иргэдийн эсрэг зохион байгуулалттайгаар халдан дайрсан, ард иргэдийг аллага, өлсгөлөнгийн бай болгож хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэг үйлдсэнд буруутгажээ. Харин Хамасын удирдагчдыг үй олноор хүний амь насыг хөнөөсөн, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, иргэдийг барьцаалсан зэргээр дайны гэмт хэрэгт буруутгасан байна.

Олон улсын эрүүгийн шүүхийн ерөнхий прокурорын гаргасан баривчлах хүсэлтийг Израилын Засгийн газар болон Палестины Хамас бүлэглэл эсэргүүцэж байна. Израилын Ерөнхий сайд Беньямин Нэтаньяху Карим Хан нь антисемит буюу еврейчүүдийн эсрэг арьс өнгөний үзэл гаргалаа хэмээн буруутгаж байна. Харин  Хамас бүлэглэл уг шийдвэрийг хохирогчдыг хүн амины гэмт хэрэгтнүүдтэй адилтгасан үйлдэл гэж үзсэн учир Карим Ханыг баривчлах хүсэлтээ буцаахыг шаардлаа. Израилын арми олон мянган гэмгүй иргэнийг цаазалсны дараа баривчлах шийдвэр гаргасан нь хэт хожимдсон үйлдэл гэж буруутгасан байна. 

Хэрвээ Олон улсын эрүүгийн шүүх Ерөнхий прокурор Карим Ханы хүсэлтийг хүлээж авбал Израилын Ерөнхий сайд, Батлан хамгаалахын сайд болон Хамасын гол удирдагчид Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн 124 орны нутаг дэвсгэрт зорчсон тохиолдолд шууд баривчлагдах юм. 

Таны сурталчилгаа