Цаг үеийн мэдээ

Иран улсын Ерөнхийлөгч Эбрахим Раиси болон Гадаад хэргийн сайд Хуссейн Амир Абдоллахиан нарын зорчиж байсан АНУ-д үйлдвэрлэсэн Белл 212 загварын нисдэг тэрэг нутгийн баруун хойд уулархаг бүсэд осолдсон юм. Ослын улмаас нисдэг тэргэнд байсан улс төрийн болоод шашны удирдагчид, нислэгийн багийнхан, бие хамгаалагч гээд нийт есөн хүн газар дээрээ амиа алдсан байна. 

Ерөнхийлөгчийг амь үрэгдсэн тухай мэдээлсний дараа улс орон даяар тав хоногийн турш гашуудал зарлалаа. Мөн Ирантай ойрын холбоотой байдаг Турк улсад нэг хоногийн хугацаанд гашуудал зарласныг тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгджээ. 

Түүнчлэн Ираны нутаг дэвсгэр даяар олон мянган иргэн сүм, талбайд цуглаж эмгэнэл, гашуудлаа илэрхийлж байна. Ираны ард түмнээс гадна олон улсын удирдагчид, хамтын нийгэмлэгийн байгууллагууд Иран улсад эмгэнэл илэрхийлсээр байна.

Ерөнхийлөгч агсан Эбрахим Раисийг оюун санааны удирдагч Аятолла Хаменейн халааг залгамжилж магадгүй эрхэм хэмээн үзэж байсан юм.  Иран улс төрийн тэргүүнээ харамсалтай ослоор алдсан ч улс төрийн бодлого үйл ажиллагаа урьдын адил тасалдалгүй хэвийн үргэлжлэх болно гэдгийг Аятолла Хаменей мэдээлсэн. 

Ираны Ерөнхийлөгчийн үүргийг дэд Ерөнхийлөгч Мохаммад Мохбер түр орлон гүйцэтгэж эхэлсэн бол Гадаад хэргийн дэд сайд Аль Багери Кани мөн Гадаад хэргийн сайдын үүргийг гүйцэтгэж эхэлжээ. Иран улсад ирэх 50 хоногийн хугацаанд дараагийн удирдагчдыг сонгох сонгууль зарлах ёстой хуулийн дагуу зургаадугаар сарын 28-ны өдөр шинэ төрийн тэргүүнийг сонгох сонгуулийг зарласан байна. 

Таны сурталчилгаа