Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

Сэтгүүлч: "1 иргэнд 8 сая орчим төгрөгийн эмчилгээ хийгдэж байгаа гэж өмнө нь мэдээлж байсан. Гэтэл бодит байдал дээр өдрийн хоол, C, D витамин, зэргийг л өгч байна. Ямар эмчилгээ хийгдэж байгаа талаар нарийн задаргааг мэдээлж болох уу? гэсэн асуултад 

Эрүүл мэндийн яамны хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр: "8 сая гэдэг тоо одоо байхгүй. Энэ тоо өмнө нь яригдсан байх. Тухайн үед ямар байдлаар яригдаж байсан гэдгийг одоо сайн мэдэхгүй байна. Эмнэлэгт хөнгөн, хүнд, маш хүнд хүмүүсийг эмчилж байна. Энэ хүмүүсийн эмчилгээ тусдаа байдаг. Сая асуултад хэлснээр өдөрт 3 удаагийн хоол өгч байна гэлээ энэ хоол цайг өгөхөд хүртэл эмч нар хамгаалалтын 1 удаагийн хувцсыг сольж өмсгөнө. Мөн тухайн газар ажиллаж байгаа эмч нарын тоо, бусад үйлчилгээ, мөн витамин зэрэг эмчилгээний бүтээгдэхүүнүүд  орно. Нөгөө талаас хүнд, маш хүнд хүмүүсийг Экмо гэдэг уушги орлуулах аппаратад оруулж байна. Энэ нь 1 хүнд 100, 200 сая төгрөгний эмчилгээ гарах тохиолдол ч байдаг. Зарим хүнд 1, 2 сая төгрөгний эмчилгээ гарах ч тохиолдол байдаг. Эдгээрийг бүгдийг нь нийлүүлээд дунджилсан хэлбэрээр 1 хүний эмчилгээний зардлыг тооцож гаргадаг ийм тогтолцоо байдаг. Одоогоор 1 хүнд 4 орчим сая төгрөгөөр эмчилгээ хийгдэж байгаа гэсэн сүүлийн үеийн тооцоолол байна" гэлээ.