Сүүлийн өдрүүдэд "Өргөө" кино театр, "Сод Монгол" ХХК захирал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар гэх хүний талаар хүчирхийлэлтэй холбоотой мэдээ мэдээллүүд цацагдсан билээ. Булган аймгаас нэр дэвшиж, МАН-аас ялалт байгуулж УИХ-ын сэнтийд тухалсан Ц.Анандбазар гэж хэн болох талаар товч мэдээлэл хүргэе.
Цогт-Очирын Анандбазар. Түүний хувьд Намбарын Энхбаяр буюу одоогийн МАХН-ын тэргүүний туслах хийж явсан үе бий. Соёлын сайдын шадар туслах хийж явсан хүн өнөөдөр хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлсэн гэгдэж УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал нь ч яригдаад явж ч байх гэж. Москва хотод Утга зохиолын дээд сургуульд суралцаж явсан түүний хувьд хэл яриа, сэтгэн бодох чадвар нь дээд цэгтээ тултал хөгжсөн нэгэн гэхэд хилсдэхгүй. 2000 оны үед МАХН-д их хэмжээний хандив ч өгч явсан омголон үе түүнд бий.
Цагтаа УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очирт хутгалуулж явжээ. Нутаг усны хувьд нэг бол Булганых нэг бол СХД-ийн нэгдүгээр хорооллын хүн хэмээн ам нь зөрсөн удаа бий. Сүүлд Дорноговийн Сайхан дулааны угшилтай болж явсан. 2003 онд мань эр шүүхийн хаалга татан ганц худагт хүртэл ороод гарсан "зартай" нэгэн. Тодруулбал, Ц.Анандбазар нь хүнд ноцтой гэмт хэрэгтнүүдтэй хамтран бусдыг дарамталж байгаад эрүүгийн цагдаагийн албаны анхаарлыг татсан талаар тухайн үед хэвлэлүүд бичиж байсан.
ОХУ-аас онгоцны түлш тонн тутамд зах зээлийн ханш нь 2010 оныхоор 710 ам.доллар байхад Ц.Анандбазар МИАТ руу 1065 болгож "шахаа" хийдэг байсан сураг ажиг бий. Засгийн газрын чухал салбар болох Эрдэс баялаг, эрчим хүчний яамны дарга, сайд гээд тухайн засгийн газрыг Ц.Анандбазар ОХУ-ын түншүүдээрээ "дарамтлуулж" явсан омголон үе байдаг бололтой. Тэр ч бүү хэл БЗД-д байрлах нийслэлийн 3-р төрөхийн хажууд "Сод Монгол"-оо "МАНдуулж" явсан нь иргэдийн бухимдлыг төрүүлээд амжсан.
Цаг сайхан байхад, Эрүүгийн хууль "хууль" биш байхад мань эр НИК-ийн дэд захирал байхдаа "Чандмань Холдинг" ХХК-ны албан бичиг ашиглан, НИК-ээс түлш хүссэн тухай хуурамч албан бичиг үйлдэн, 91.5 сая төгрөгийн түлшийг өөрийн "Сод Монгол"-доо шилжүүлж авсан байдаг бөгөөд хамгийн ширүүн нь О.Бяруузаны гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байдаг аж.
Дорноговь аймгийн Сайхан дулааны хүүхэд болж "жүжээд" байсан Ц.Анандбазар нефьт хангах баазын нэрийг барьж 2001 онд 1 сая 67 мянган төгрөгийн ажлын хувцсыг НИК-ийн ажилтанд үүрэг өгч, "Сод Монгол"-доо авч ашигласан нь тогтоогдож байсан аж.
2002 онд иргэн А.Лхагвасүрэнг хувийн шинжтэй маргаанаас үүдэн зодож хүндэвтэр гэмтэл учруулж байж. Бас эр хүн шиг зодолддог, хүнийг хохироож эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулж байсан нь батлагдсан юм. Тухайн үеийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 болон 166.2-т зааснаар ял төлөвлөж 2003.10.5-ний өдөр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлж байсан байна. Мэдээж тодорхой шалтгааны улмаас хэргийг хэрэгсэхгүй болгож байсан түүхтэй.
Татвараас зайлсхийж, татвараа нуун дарагдуулсан хэрэг 2001-2002 онд болж байсан. Тухайн үед Сод Монгол 152 сая төгрөгийн татвараас зайлсхийсэн нь Ц.Анандбазарын нөлөө. 1999.11.23-нд УБТЗ хэрэг эрхлэх газраас 20 сая төгрөг шахалт дарамт үзүүлэн авсан байдаг юм билээ. 2012 онд Дорноговийн бүх сумдуудад 6400 шуудай гурил тарааж явсан сонгуулийн хууль зөрчсөн үйлдэл түүнд бас бий. Явсан газар нь дандаа хар мөр дагуулж байсан байх нь.
Нийслэлд 23 ширхэг "Сод Монгол"-ын гэх шатахуун түгээх станц байдаг аж. Ихэнх нь хууль бус аргаар барьж, араас нь дарга цэрэгтэй нь хөөцөлдөж бичиг баримт, зөвшөөрлийг нь зохицуулж ирсэн гэлцдэг. Ер нь Ц.Анандбазартай үзэлцэх аавын хүү Монголд байхгүй гэлцдэг ч баян цатгалангаараа биш арга заль, хууль зөрчиж буй үйлдлээрээ юм шиг байна. Ингээд Ц.Анандбазар гэдэг хүн "эмэгтэйчүүдийг хүчирхийлэгч, бэлгийн дарамт үзүүлэгч, бусдыг дээрэлхэж булаан эзлэгч, дарамтлагч, хүний эрүүл мэндэд хохирол учруулдаг танхай этгээд, залилан мэхлэгч, хууль зөрчигч, төрийн мөнгийг хулгайлдаг хулгайч, хуурамчаар гарын үсэг, албан бичиг үйлдэгч" ч юм шиг, үгүй ч юм шиг. Ийм хүн Булган аймгаас нэр дэвшээд гараад ирсэн байна.
Эх сурвалж: https://mongoltur.mn/7623.html