Цаг үеийн мэдээ

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.04.23) нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн баталлаа. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа танилцуулав.

Засгийн газраас 2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн юм.

Хөдөө аж ахуйн салбарт техник технологийн шинэчлэлт бүрэн хийгдээгүй цар тахлын энэ үед тариаланч, үйлдвэрлэгчдэд татварын дарамт учруулахгүй байх, төмс, хүнсний ногооны механикжуулалтын түвшин хангалтгүй байгаагаас тарих, хураах, сортлох ажлын ихэнх хувийг гар аргаар гүйцэтгэж байгаа нь хөдөлмөр зарцуулалтыг нэмэгдүүлж, өрсөлдөх чадварыг бууруулж байгаа. Иймээс импортоор оруулж байгаа болон дотооддоо худалдан борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжих нь зүйтэй хэмээн Засгийн газар үзэж, уг хуулийн төслийг боловсруулжээ.

Төсвийн байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагаанаар хуралдаж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийх үед олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг боловсруулжээ. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан төслийн 3 дугаар зүйлд тусгагдсан хуулийн хэрэгжих хугацааг төсөлд зааснаар үлдээх зарчмын зөрүүтэй санал гаргасан тул  Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3-т заасны дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжжээ. Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны өмнө тус Байнгын хороо хуралдаж, төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал төслийн 3 дугаар зүйлд заасан хууль хэрэгжих хугацааг 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл гэж өөрчлөх санал гаргасан ч олонхын дэмжлэг авч чадаагүй. Харин нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүний гаргасан энэ санал дэмжигдсэн юм.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, С.Чинзориг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв.  Ингээд Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлангийн гаргаж, Байнгын хороогоор дэмжигдсэн хуулийн төслийн 3 дугаар зүйлд тусгагдсан хуулийн хэрэгжих хугацааг “2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл” гэж төсөлд тусгаснаар хэвээр нь үлдээх зарчмын зөрүүтэй саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. Иймээс Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалын санал дэмжигдэж, хуулийн хэрэгжих хугацаа 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл байхаар болов. Ингээд төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Дараа нь Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодист ногдуулах гаалийн албан татварыг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хөнгөлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжихээр тусгажээ.

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед гишүүд асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгыг нэгдсэн хуралдаанд оруулж, төслийг батлуулахаар тогтжээ.

Нэгдсэн хуралдаанаар төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх явцад Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Н.Алтанхуяг, Ж.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Ингээд хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэлийг хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулсан бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг төслийг батлахыг нийт гишүүний 58.2 хувь нь, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийг батлахыг нийт гишүүний 59.7 хувь нь тус тус дэмжсэнээр хуулийн төслүүд эцэслэн батлагдав. Үүгээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Таны сурталчилгаа