Япон улсын Засгийн газар 2021 оны хаврын одон гардуулах Гадаад иргэдийн нэрсийн жагсаалтыг зарлажээ. Энэ удаагийн хаврын одонг Монгол улсаас Монгол Улсын Их Хурлын дарга асан Данзангийн Лүндээжанцанд хүртээхээр болжээ
Одонгийн төрөл: "Мандах нар" одонгийн "Сүр жавхлант тууз" зэрэглэлийн одон
Оруулсан хувь нэмрийн талаарх товч мэдээлэл: Япон Улс, Монгол Улсын харилцааг бэхжүүлж, хоёр орны парламентын гишүүдийн харилцаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан.
Монгол Улсын Их Хурлын дарга асан Д.Лүндээжанцан нь Монгол Улсын Их сургуульд хуульч мэргэжлээр суралцаж төгсөөд, хууль эрх зүйн салбарт дадлага туршлага хуримтлуулан судлаачийн гараагаа эхлүүлжээ. Тухайн үед Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих түүхэн өөрчлөлтийн үеийг угтаж ардчилсан хууль тогтоомжийг боловсруулахад чадварлаг мэргэжилтнээр үнэлэгдсэн нь түүний улс төрийн ертөнцөд хөл тавих эхлэл болсон юм.
Тэрээр 1990 оны ардчиллын дараа Улсын Бага Хурлын гишүүнээр томилогдсоноор гараагаа эхлүүлжээ. Улсын Их Хурлын анхны сонгуулиар Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, улмаар дөрөв дэх удаагаа УИХ-ын гишүүнээр ажиллахдаа буюу 2004 онд Улсын Их Хурлын дэд дарга, 2007 оны 6 сард Улсын Их Хурлын даргаар томилогджээ. Улсын Их Хурлын гишүүнээр нийт 7 удаа сонгогдон ажилласан 28 жилийн хугацаанд Монголд Японыг таниулан сурталчлах, хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан юм.
Мөн, 1996 онд Япон Улстай парламент хоорондын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор УИХ дахь Монгол-Японы парламентын бүлэг байгуулагдаж Улсын Их Хурлын дарга асан Д.Лүндээжанцан нь 2000 онд Улсын Их Хурлын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдсоноосоо хойш, уг бүлгийн гишүүнээр 5 удаа буюу нийт 20 жилийн турш ажиллахдаа, Монгол-Японы парламентын бүлэгт идэвхтэй үйл ажиллагаа явуулж, хоёр орны парламентын болоод парламентын гишүүдийн харилцаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд ихээхэн хүчин зүтгэл гаргасан юм.
Эх сурвалж: Япон Улсын Элчин сайдын яам