Цаг үеийн мэдээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-аас албан ёсоор гарч байгаагаа мэдэгдлээ. Тэрээр: "Өнөөдөр 2021 оны 4 сарын 29-ны өдөр. МАХН, МАН хоёр нэгдэн нийлж хурлаа хийж байгаа өдөр. Энэ 2 намын хуралд би гүн хүндэтгэлтэй хандаж байна. Ингээд өнөөдөр би МАХН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Уламбаяртай уулзаж өргөдлөө өгч байна. 

Өргөдөл : 

Сайнхүү овогтой Ганбаатар миний бие 2017 оны 5 сарын 16-ны өдөр МАХН-д гишүүнээр элссэн. Ингээд Монгол Улсын үндсэн хууль, улс төрийн намын тухай хуульд заасны дагуу МАХН-ын гишүүнчлэлээс 2021 оны 4 сарын 29-ны өдөр гарч буйгаа үүгээр албан ёсоор мэдэгдэж байна. 

МАХН-ын 01.03.07 дугаартай намын бат илэрхийллийг хавсарган өргөдөл гаргав гэжээ. 

Мөн тэрээр: "Эрх баригчидтай тэмцэх ганцаардмаар  хэцүү тэмцэл дунд хань болж бие биендээ дэм болж явсан МАХН-ын журмын нөхөд, удирдлага хамт олондоо сайн сайхныг хүсэж байна. Эрдэнэт, Тавантолгой, Оюутолгойг сандайлаад суусан, Монголын баялгийг идсэн МАН-тай би нийлэх боломжгүй учраас би аргагүй ийм шийдвэр гаргаж байна. УИХ дээр Эрдэнэтчүүдийнхээ дуу хоолой байр суурийг баттай өндөрт өргөнө. Эрдэнэтчүүд маань эрх баригчдыг хянаарай, эрх баригчдын хулгайг зогсоогоорой, ард түмэндээ дэм болоорой гэж намайг сонгосон. МАН-ын 62 суудлыг 63 болгох гэж Эрдэнэтчүүд маань санал өгөөгүй. Харин Ардчилсан нам, ХҮН болон Та бидний эвсэлд байгаа Иргэний Зориг ногоон нам, Уламжлалын нэгдсэн намтай уялдаж бодлогоо уялдуулж хамтарч ажиллах болно. Эрдэнэтчүүдийнхээ Монголын ард түмнийхээ дуу хоолой эрх ашгийн төлөө тууштай ажиллана" гэлээ. 

Таны сурталчилгаа