Нийслэлийн ИТХ-ын ээлжит VI хуралдаан коронавируст халдварын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх хэлэлцүүлгээр үргэлжилж байна.
Нийслэлийн нутаг дэвсгэрт коронавируст халдварын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг, халдварын тархалтын “Улаан түвшин”-д шилжүүлсэн хугацааг тавдугаар сарын 8-ны өдөр хүртэл сунгасан. Үүнтэй холбогдуулан цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, төрийн захиргааны 13 мянган албан хаагч цар тахлын голомтыг хумихад мэдлэг, чадвараа дайчлан ажиллаж байна.
Вакцины нэгдүгээр тунд 616.717, хоёрдугаар тунд 285.000 хүнийг /2021.04.27-ны байдлаар/ хамруулан, 3.9 сая ам метр талбайд урьдчилан сэргийлэх, 565.8 ам метр талбайд эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн талаар Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан I орлогч Р.Чингис танилцуулав. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн эдгээр өдрүүдэд зөвшөөрөгдсөн 15 байгууллагын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх зорилгоор нийтийн тээврийн чиглэлийг шинэчлэн, автобусны эргэлтийн хугацааг 3-5 минут болгожээ. Нийслэлийн хэмжээнд хийгдэж буй вакцинжуулалтын үр дүн, дархлаажилтын хувь хэмжээг тогтоох судалгааны баг ажиллаж байна. Үр дүнг гарсны дараа нийтэд мэдээлэх аж. Хэлэлцэх асуудлын төгсгөлд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Цар тахлын дэгдэлтийг зогсоох ажилд мэдлэг, чадвараа дайчлан ажиллаж буй нийт албан хаагч, УОК, НОК-оос гаргаж буй шийдвэрийг мөрдөж буй иргэддээ талархал илэрхийлье. Цар тахлын дэгдэлтийг хумихад Нийслэлийн иргэн таны оролцоо чухал дэмжлэг үзүүлнэ. Иргэний үүргээ биелүүлж, дэлгэмээ мөрдөн тахлын дэгдэлтийг хумихад хичээнгүйлэн дэмжлэг үзүүлэхийг уриалъя” гэсэн юм.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ