УИХ-ын чуулганы нэгпсэн хуралдаанд Ардчилсан намын бүлгээс мэдэгдэл хийлээ.
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ
Монгол Улсад коронавируст халдварын цар тахлын тархалт улам эрчимжиж, хоногт батлагдаж буй халдварын тохиолдол 1000-аас хол давж, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 34026 бүртгэгдэж, халдварын улмаас 102 хүн нас бараад байгаа ба 95 хүн тутамд 1 хүн халдвар авч байгаа нь онц ноцтой байдалд хүрснийг илтгэж байна. Нийслэл Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоогоод ч халдвар авч буй хүний тоо буурахгүй, эсрэгээрээ өсөж, өвчтөн хүлээн авах орны тоо даацаас хэтэрч, халдвар авсан иргэд өөрсдийгөө гэрээрээ эмчлэх хэмжээний хүнд байдалд хүрлээ. Төрийн зохион байгуулалт дутагдаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй гэртээ нас барах хүний тоо ч улам бүр нэмэгдэж аюулын хэмжээнд очсон байхад эрх баригчид сонгуульдаа бэлдэж, хөл хорионы үед айл өрхөөр сурталчилгааны сэтгүүл тарааж байгаа нь халдварыг хянахад анхаарал бүрэн хандуулахгүй байгааг илэрхийлж байна. Улсын нийслэл Улаанбаатар хотыг халдварын голомт хоёр дахь “Ухань” болгочихлоо. Гэвч Ухань шиг цар тахлаа хязгаарлаж чадахгүй, мэдлэг, чадвар, сэтгэл дутаж байна.
Одоогийн Засгийн газар ч өмнөхийн адил асуудалд шинжлэх ухаанч бус, тооцоо судалгаагүй хандаж, үнэгүй, хямд вакцин хайж, Ковакс хөтөлбөрт хамрагдахдаа хэт найдан цаг алдаж Монгол Улсын иргэдийн эрүүл мэнд, эдийн засгийг эрсдэлд орууллаа. Дархлаажуулалтын тухай хууль зөрчин ДЭМБ-д бүртгэгдээгүй вакцинд хамруулж, олдож байгаа вакцин бүрийг сайн гэдэг сурталчилгаа явуулж буйг бид эрс шүүмжилж байна. Эрх баригчид вакцинжуулалтаар тэргүүлэх орон болох зорилгодоо хэт хөтлөгдөн вакцины нөөцөө шавхаж, эхний тунгаа хийлгэсэн иргэдийг эрсдэлд оруулах, эхний тунгийн үйлчлэлийг үр дүнгүй болгож, үр дагаварт нь халдвар хяналтаас гарч нэг сая хүнд ногдох халдварын үзүүлэлтээр дэлхийд хол тэргүүлэх хэмжээнд хүргэчихлээ.
Цөөнхийн үгийг сонсож, асуудлаа зөв тодорхойлж, хяналт тавьж ажилладаг төр байсан бол Ардчилсан намын бүлгээс удаа дараа сануулсан, ДЭМБ-д бүртгүүлсэн, 100%-ийн үр дүнтэй Файзер, Модерна зэрэг вакцинаар эхний улиралд багтаан иргэдээ дархлаажуулж, эрсдэл учрахаас өмнө энгийн амьдралд шилжүүлж, Израйль, Сингапур, Шинэ Зеланд зэрэг цөөн хүн амтай зөв бодлоготой орны нэгэн адил оюутан, сурагчид хичээлдээ орж, аж ахуйн нэгжүүд үүдээ нээж, эдийн засаг сэргэх боломж бүрдэх байлаа. Монгол улсад ийм боломж хангалттай байсан. Тодруулбал, Файзер вакциныг 20 ам.доллароор авч 2 сая иргэндээ 2 тунгаар тооцон вакцинжуулахад ердөө 80 сая ам.доллар болох байсныг дахин сануулъя. Гэтэл урдаа барих стратегигүйн улмаас гэнэт гаргасан төлөвлөгөөнүүдийн гайгаар сүүлийн 2 жилд ойролцоогоор 20 орчим их наяд төгрөгийг эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх нэрийдлээр зарцуулаад байгаа нь вакцин худалдан авах төсвөөс 100 дахин их зардлаар түүнээс ч илүү хохиролтой нөхцөл рүү оруулж байгааг хатуу анхааруулж байна.
Бид сонгуулийг, наадмыг хойшлуулж болно, харин цар тахлын үед вакциныг хойшлуулж, тасалдуулж, үйлчилгээг нь үнэгүйдүүлэх нь ард түмнийхээ өмнө хийж буй гэмт хэрэг юм. Цар тахлын үед вакцин бол 1-р асуудал атал тусламжаар, үнэгүй шийдчих гэсэн сэтгэлгээний ядууралтай, харам сэтгэлтэй Засгийн газрын гайгаар хугацаа алдаж, хойшлуулснаас өнөөдөр ганцхан сарын дотор 100 гаруй эрдэнэт хүн амь насаа алдаж, мутацид орсон хувилбар бүртгэгдсэн нь цаашид хяналтаас гарвал нөхцөл байдал хүндэрч, ноцтой хэмжээнд хүрэхээр байгаад гүнээ харамсаж байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс эрх баригчдын эл үйлдлүүдэд дүгнэлт хийж, удаа дараа анхааруулан шаардлага илгээж байсан ч Засгийн газар, УОК асуудалд бодитой, улс суурьтай хандсангүй. Цар тахал дэгдсэнээс хойш нийт 5 удаагийн хөл хорио тогтоож байхад өмнө гаргасан алдаагаа засдаггүй, УОК болон Нийслэлийн онцгой комисс /НОК/ нь нэг баг болж ажилладаггүй, асуудал үүсэнгүүт цар тахалтай нойр хоолгүй, өдөр шөнөгүй тэмцэж буй эмч, эмнэлгийн ажилтнуудыг гүтгэх, хөл хорионы үр дүн муу байгаад иргэдээ буруутгах байдлаар эрх мэдэлтнүүд өөрсдийн нэр хүндээ хамгаалсан, ёс зүйгүй, сөрөг хандлага гаргаж байгааг бид эрс буруушааж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд аа
Цар тахалтай тэмцэхэд эрх баригч та бүхэнд санхүү хөрөнгө дутагдаагүй бөгөөд 2020 онд цар тахалтай тэмцэх хууль батлуулснаар УИХ-ын онцгой бүрэн эрхийг Засгийн газар өөртөө шилжүүлэн авч хоёр жилийн нийт дүнгээр Монгол Улсын 2 жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний дүн бүхий хөтөлбөр, төлөвлөгөө хэрэгжүүлж, их хэмжээний мөнгө үр дүнгүй хяналтгүй зарцуулсан. Гэвч цар тахалтай тэмцэх үндсэн асуудлаа шийдээгүй, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулаагүй, вакцинд мөнгө төсөвлөөгүй, ПСР оношлогооны төхөөрөмжөөр аймаг орон нутгаа бүрэн хангаагүй, шаардлагатай амьсгалын аппаратыг одоог хүртэл шийдвэрлээгүй зэргээр асуудлаа эрэмбэлээгүй, байгаа оноогүй, харалган шийдвэрүүд гаргаж, эцсийн дүндээ Монголын ард түмний, татвар төлөгчдийн мөнгө салхинд хийссэн болохыг бид өнөөдрийн нөхцөл байдлаас тодорхой харж байна.
ДНБ 2020 онд -5.3%-тай гарсан нь ганцхан жилийн дотор манай улсын эдийн засаг -10.7%-иар огцом буурсан нь эдийн засаг, төсөв санхүүгээ дампуурлын хэмжээнд авчирсан эрх баригч та бүхний үйлдэл дээр нэмэгдээд эдийн засаг “шок”-нд орлоо. Аялал жуулчлалын салбар хоёр жил дамнан “0” зогссон бол 2020 оны 4-р улиралд барилгын салбарт 22.5 мянга, хөдөө аж ахуйн салбарт 20 мянга, уул уурхайн салбарт 9.4 мянга, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 4.4 мянга, бөөний болон жижиглэнгийн худалдааны салбарт 2.8 мянган хүн ажлын байраа алдсанаар ганцхан улиралд нийт 51 мянган хүн ажлын байраа алджээ.
Боловсролын системд завсардал үүсэж, энэ салбарт 10, 20 жилээр хэмжигдэх хэмжээний хоцрогдол үүссэн нь ирээдүйгээрээ хохирсон хүүхэд залуус, шинэ үеийнхний өмнө орлуулж болшгүй гэм юм.
Өргөн хэрэглээний барааны дийлэнх хэсэг импортоос хамаардаг манай орны хувьд хил гааль, импортын тээвэрт үүссэн хүндрэлээс хомстол үүсэн барааны үнэ өсөж, цар тахлын үед орлого нь эрс буурсан иргэдийн нуруун дээр давхар ачаалал бий болж байгаад Засгийн газар цаг алдалгүй онцгой анхаарч, тусгай төлөөлөгч томилон, хэсэгчилсэн хөтөлбөр, арга хэмжээ авах цаг болсныг сануулж байна.
Эрх баригчид, эрхэм хууль тогтоогчид оо
Цар тахалтай тэмцэх Засгийн газар, түүний өмнөөс гардан хэрэгжүүлж буй УОК-ын ажил нэн хангалтгүй байна. Тухайлбал, хөл хорионы үеийн зохион байгуулалт судалгаа, тооцоогүй, бодит амьдралд нийцэхгүй, авто замын хөдөлгөөн, нийтийн тээврээр зорчих зохицуулалт нь оновчгүй байна. Иргэдээ эрсдэлээс хамгаалах бус хөл хорио нэрээр иргэдийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжийг хязгаарлан төрд цар тахлаас өөр анхаарах зүйлгүй мэт хандаж байгаа нь хүмүүнлэг ардчилсан нийгмийн үзэл баримтлал, үндсэн хуулийн зарчимд огтоос нийцэхгүй байна.
Засгийн газрын зүгээс цар тахлаас гадна нийгмийн бусад салбарт анхаарч, төрийн тогтвортой, жигд үйл ажиллагааг хангах байтал бусад салбаруудын үйл ажиллагаа илт доголдох, эрсдэлтэй нөхцөл байдлууд гарч эхэллээ. Ард иргэд нь аймшигт цар тахалд нэрвэгдээд байхад араар, төрд “хариуцлагагүйн тахал” газар авч байгааг Их хурлын энэ танхимд дурдахгүй өнгөрч болохгүй байна. Тухайлбал:
- Дарга анги бий болгож, дарга нарын хүүхдийг төрийн машинаар сургуульд нь зөөж, төрийн сангаар гадаадад сургаж, төгсөхөөр нь төрийн албанд шалгалтгүй оруулдаг тогтолцоог бий болгож эхэллээ.
- Монгол ардын нам /МАН/-ын 100 жилийн ойг тэмдэглэн, өөрсдөө онцгой эрх эдлэн намынхаа 100 жилийн ойн медаль, бэлэг дурсгалын зүйл гардуулах нэрээр бүх аймаг орон нутагт болон төрийн байгууллагуудаар нийтийг хамарсан арга хэмжээг хууль, хөл хорионы дэглэм зөрчин зохион байгуулсан нь халдвар тарахаах суурь нөхцөл болсныг иргэд хурцаар шүүмжилж байна.
- МАН төрийн үйл хэрэгт илэрхий хутгалдаж, түүгээр ч зогсохгүй цэрэгжсэн бүтэц үүсгэж, төрийн мөнгөөр санхүүжүүлэх ноцтой үйлдэл гаргасан нь үндсэн хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
- Батлан хамгаалахын болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах цэргийн анги нэгтгэлүүдэд цэргүүд амь эрсдэх, хүн амины хэрэг гарах асуудал удаа дараа давтагдаж, тангараг өргөн эх орноо хамгаалах эр цэргүүд энхийн цагт алтан амиа алдаж байгаад онцгой анхаарах цаг болжээ.
МАН-ын дарга, эрх мэдэл бүхий цөөн хүмүүс нэг намын тогтолцоог бий болгох замаар нэг хүний дарангуйллын тогтолцоо руу явуулах алхам хийж, эрх мэдлийг төвлөрүүлж, хууль хяналтын байгууллагын хараат бус байдалд нөлөөлж, Үндсэн хуулийн цэц, Дээд шүүхэд намынхаа хуулийн хэлтэс мэт чиглэл өгч, дөрөв дэх засаглал болох чөлөөт хэвлэлийг хяналтдаа авч, нэг сувгаар мэдээллийг цензүрдэн цацах бодлого явуулах болсон нь Монголын ардчиллын өмнө урьд хожид байгаагүй сорилт тулгарч буйг Ардчиллын төлөөх улс төрийн хүчнүүд, иргэний нийгмийн байгууллагууд, ард иргэддээ сонордуулж байна.
Цар тахалтай тэмцэх нэрээр эрх баригчид “тусгай” хууль батлуулж, УИХ-ын онцгой эрхийг шилжүүлэн авсан атлаа бусад хуулийг уландаа гишгэн их хэмжээний төсвийг хяналтгүй зарцуулах, төрийн албанд төрлөө шахах хаалт болгон ашиглах болсон тул энэхүү хуулийн хугацааг дахиж сунгахыг Ардчилсан намын бүлэг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг эрх баригчдын хариуцлагагүй, бодлогогүй, хууль зөрчсөн, ноцтой үйлдлүүдтэй хэзээд эвлэрэхгүй тул ард түмний амь нас, эрүүл мэндийг хамгаалах чадваргүй, улс эх орны нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах талаар оновчтой арга хэмжээ авч хэрэгжүүлж чадахгүй байгаа УОК-ын дарга, шадар сайд С.Амарсайхан, НОК-ын дарга Д.Сумъяабазар болон энх цагт эр цэрэг, офицерүүдийн амь нас удаа дараа эрсдэх нөхцөлийг бүрдүүлсэн, хяналт тавиагүй, асуудалд хойрго хандсан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, мөн эрүүл мэндийн салбараа нэгдсэн удирдлагаар хангах чадваргүй, цар тахлын шинжилгээний бичгийг засах зэрэг ноцтой үйлдлийг хянаж чадаагүй, эмч эмнэлгийн ажилтнуудын ажил амралтыг зөв зохицуулж чадалгүй дарамт үүсгэж, амиа хорлох хэмжээний нөхцөл байдалд хүргэсэн Эрүүл мэндийн сайд С.Энхболд нартай хариуцлага тооцохыг УИХ дахь олонхийн бүлэг, Засгийн газраас шаардаж байна.
Цаашид үүсээд байгаа асуудалд эх орончоор хандаж, нийгэм, эдийн засгийн өргөн хүрээнд, ул суурьтай, бодитой арга хэмжээ авч чадахгүй аваас Засгийн газрыг огцруулах хэмжээнд дараагийн алхам хийгдэх болохыг сөрөг хүчний зүгээс хатуу анхааруулж байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг