Цаг үеийн мэдээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн УИХ-ын дөрөвдүгээр сарын 22-ны 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд, хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, "Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" гэж заасан. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд, өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүмүүсийг дахин нэр дэвших эрхийг хязгаарласан заалт тусгаагүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхээ эдэлсэн учраас одоо нэр дэвших боломжгүй гэсэн зохицуулалт тусгах шаардлагатай гэж цэцийн гишүүдийн дийлэнх үзсэн. Уг дүгнэлтийг УИХ энэ сарын 22-нд хүлээн авсан юм.

Харин Ерөнхийлөгч хоригтоо, "Монгол Улсын Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, чандлан сахиулах үүрэгтэй Үндсэн хуулийн цэц манах ёстой Үндсэн хуулиа болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиудыг бүдүүлгээр зөрчиж, төрийн үйл ажиллагаанд хатуу мөрдөгдөх ёстой “ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх” зарчмыг үл тоомсорлосон байна. Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаас Монголын ард түмэн, Монгол хүний эрх, эрх чөлөөг дээдлэх бус зөвхөн нэг намын эрх ашгийг хангаж, илэрхий үйлчилсэн захиалгатай гэж үзэхүйц нэн бусармаг шийдвэр гаргасныг Улсын Их Хурлын гишүүд нэн шуурхай баталгаажуулсан байна. Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаас гарсан дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Цэц асуудлыг дахин хянаж, Их суудлынхаа хуралдаанаар, бүрэн бүрэлдэхүүнээрээ эцэслэн шийдвэрлэх хуультай. Иймд  Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж, Үндсэн хуулийн цэц Их суудлынхаа хуралдаанаар эцэслэн шийдвэрлэж хууль зүйн алдаа, зөрчлөө засах боломжийг олгох нь зүйтэй" гэжээ.

Харин чуулганы хуралдааны явцад УИХ-ын гишүүд ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн авсан тогтоолд хориг тавьж байгаа нь түүхэндээ анх удаа гарч буй тохиолдол гэдгийг онцолж байлаа. Мөн дүгнэлтийг хүлээн авсан тогтоолд хориг тавих нь ҮХЦ-ийн дүгнэлтэд хориг тавьж байгаатай ижил тул хүлээн авах боломжгүй гэсэн байр суурь илэрхийлж байлаа. Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 74.6 хувь хүлээн авахаас татгалзав.

Таны сурталчилгаа