Цаг үеийн мэдээ

МАН, МАХН нэгдэн нийлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр цахимаар боллоо.

Хоёр намын  хамтарсан ажлын багаас боловсруулсан 6 бүлэг, 33 зүйл бүхий гэрээг 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн 3000 гаруй намын анхан болон дунд шатны байгуулагын удирдлагын түвшинд  зохион байгуулав.

Уг хуралд МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар, нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян нараас  гадна хоёр намын 300 мянган гишүүд дэмжигчдийн төлөөлөл оролцсон юм.

Монгол Улсад парламентийн тогтолцоог төгөлдөржүүлэн ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн “Хүн биш хууль засагладаг” шударга нийгмийг цогцлоон бүрдүүлэх, гагцхүү Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө эв нэгдлийг эрхэмлэн МАН, МАХН нэгдэн нийлж үйл ажиллагаагаа нэг болгох зорилтыг дэвшүүлж, хамтарсан ажлын баг байгуулан ажилласан билээ.

Тус ажлын хэсгээс Монгол Улсын  хөгжил дэвшлийг тодорхойлсон “Хараат бус эдийн засгийн төлөө эрчим хүч, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх, байгалийн баялагтаа эзэн байх” зэрэг Монголын ард түмний эрх ашгийг цогцоор нь тусгасан  10 зорилт бүхий  хамтарсан уриалгыг 2021 оны гуравдугаар сарын 17-ны өдөр гарган нийт намын гишүүд дэмжигчдээрээ хэлэлцүүлэн 90 гаруй хувийн дэмжлэг авсан юм.

Ийнхүү хамтарсан ажлын багаас намуудын нэгдэн нийлэх ажлыг Монгол Улсын холбогдох хууль, намын дүрмийн дагуу зохион байгуулах “МОНГОЛ АРДЫН НАМ, МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМ НЭГДЭН НИЙЛЭХ ГЭРЭЭ”-г боловсруулсныг ёсчлон баталлаа.

Цахим хуралдааныг нээж МАН-ын дарга У.Хүрэлсүх хэлэхдээ,  хоёр нам нэгдэхээр болсон нь түүхэн  үйл явдал болохыг тэмдэглэж,  үнэт зүйл нэгтэй намууд хамтран ажиллах нь  нийгмийн шаардлага байсныг  дурдаад, нэгдмэл нэг эрх ашигтайгаар ажиллахыг уриаллаа. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН МАХН-гүй, МАХН МАН-гүйгээр бүтэн биш хэмээн тодотгоод, хоёр намын нэр, зорилго төдийгүй үйл хэрэг нэг боллоо гэсэн юм.   

Цахим  хуралдаанд оролцсон гишүүд, дэмжигчид   үзэл бодол, угшил гарвал нэгтэй хоёр нам нэгдэн нийлэх нь цагаа олсон ажил болсныг тэмдэглэж байв. Хоёр намын хамтын ажиллагааны гэрээнд  Монгол Улсад ардчилал, шударга ёсыг бэхжүүлэх, эдийн засгаа хүчирхэгжүүлж бие даасан хараат бус байдлыг бататгах, бүс нутгийн төдийгүй дэлхийн өндөр хөгжилтэй улс орон болох зорилт,   намын шат шатны байгууллагуудад ажлаараа нэгдэн нийлэх зохицуулалтыг хэрэгжүүлэх талаар тодорхой тусгав.

МАН,МАХН нэгдэн нийлснээр улс төрийн нэгэн цул хүч болон идэвхтэй хамтран ажиллаж өмнөө тавьсан томоохон зорилго, зорилтуудыг тууштай хэрэгжүүлэх нь Монгол Улсын хөгжил дэвшлийг эрчимжүүлэх, Монголын ард түмний амар амгалан, аз жаргалтай амьдралыг цогцлоон байгуулах сайн сайхан үр дүнд хүргэнэ гэдэгт бүрэн итгэж буйгаа ч хоёр намын удирдлагууд санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр мэдэгдлээ. Мөн Монгол Улсад парламентийн тогтолцоог төгөлдөржүүлэн ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн “Хүн биш хууль засагладаг” шударга нийгмийг цогцлоон бүрдүүлэх,  Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө эв нэгдлийг эрхэмлэн нэгдэн нийлж нэг болгох зорилтыг дэвшүүлж байгаа юм.

Таны сурталчилгаа