Цаг үеийн мэдээ

5 сарын 1-нээс орон даяар вакцинжуулалтын ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж эхэлсэн.  Өнөөдөр /2021.05.02/ 11 аймаг руу вакцин илгээх цуваа хөдөллөө. Үүнд: 

1. Өмнөговь 14000 тун

2. Сүхбаатар 8000 тун

3. Ховд 13000 тун

4. Архангай 10000 тун

5. Говьсүмбэр 10000 тун

7. Хэнтий 6000 тун

8. Дорноговь 13000 тун

9. Төв 6000 тун

10. Дундговь 5000 тун

11. Дархан 4000 тун

Нийт 11 аймгийн 18 эмнэлгийн машин, 7 цагдаагийн машинаар 93,000 тун вакцин замдаа гарлаа.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд : "Орон нутагт 50-с дээш насны иргэдийг вакцинжуулах ажил ийнхүү эхэлж байгаа бол 5 сарын 15-наас эхлэн 18-с дээш насны иргэдийг вакцинжуулна" гэлээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд С.Оюун-Эрдэнэ : "5 сарын 9-нд Засгийн газрын 100 хоног болох гэж байна. Энэ 100 хоногт бид вакцинжуулалтаа татан авах ажлыг эрчимжүүлэхийн тулд бүхий л боломжоороо Эрүүл мэндийн яамаа дэмжиж ажиллалаа. Дархлаажуулалтад зориулагдсан  100 хоног байлаа гэж дүгнэж болно.  4.2 сая орчим вакцин татан авчирч байна. Вакцин авахад хүлээлгийн лист гэх мэт ямар хэцүү процессууд болж байна гэдгийг хэвлэлийнхэн маань нэг сурвалжилах ёстой байх. Дотоодын хэрэгцээнээсээ хүртэл илүүчлээд бид нарт дэм болж байгаа энэ улс орнуудад бид талархах учиртай. Бид вакцин үйлдвэрлэгч улс биш. Татан авалт тасалдсан нь амаргүй ажил гэдгийг илэрхийлж байна. Үүнийг буруутгах шаардлагагүй. Эрүүл мэндийн яам 300 мянган тунг 300 мянган хүнд хийх үү 150 мянган хүнд хийгээд хадгалах уу? гэдэг сонголттой нүүр тулсан. Хөл хорио тогтоогоод вакцинжуулалтын ажлыг идэвхжүүлээгүй бол тохиолдлын тоо ХӨСҮТ-ийн тооцоолсноор өдрийн 3000-4000 тохиолдол хүрэх байсан. Үүнийг бид нар амжилттай даван туулж эхэлж байна гэж ойлгож байгаа. Байдал тогтворжиж байна. Вакцинжуулалт ихсэх тусам тохиолдлын тоо багасна. Өөр гарц байхгүй. Иргэд маань үүн дээр илүү ухамсартай байж дор бүрнээ хичээх нь энэ цаг үеийн туйлын чухал зүйл байна гэдгийг Ерөнхий сайдын хувьд уриалж байна. 

Мөн Улс төрийн ээлжит сонгууль Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Төрийн тэргүүний сонгуульдаа бид нар хүндэтгэлтэй хандалгүй яахав. Гэхдээ үүнийг дагасан нийгмийн хөөсрөлт бий болж байна. Энэ нь өөрөө эрүүл мэндийн яамны ажлаа хийгээд явж байгаа ажилтан алба хаагчид руу, онцгой байдлын ажлаа хийж байгаа алба хаагчид руу, мөн вакцинжуулалтын  ажилруу асар их улс төржүүлсэн зүйл болж байна. Би хэлээд байгаа "Улс төрчид та нар нэг ч вакцин авчирж чадахгүй, нэг ч вакцин үйлдвэрлэж чадахгүй бол нэмэр болохгүй бол гай битгий бол" гэж. Шаардлагатай вакцин татан авалтад манай зарим улс төрчдийн хариуцлагагүй асуудлууд нөлөөлсөн. Үүнийг би цар тахлын хажуугаар улс төржихгүй явахыг хичээж, асар их тэвчээр гаргаж байгаа. Би бас тэвчээд дуугүй явааад байдаг зан харицаатай хүн биш. Цар тахлын хажуугаар дахиж ийм халаалт үүсгэхгүйн тулд би ажлаа хийгээд явж байна. Шаардлагатай бол тэр гишүүдийг зарлана гэж бодож байгаа. Энэ бол эрүүл мэндийн том системийн эсрэг явж байгаа зүйл дээр ийм хариуцлагагүй зүйл хийж, энэ тэнд буруу мэдээлэл өгч албаар үүнийг зохион байгуулна гэдэг бол эх орноосоо урвасан үйлдэл шүү. Зарим нэг нэр бүхий улс төрийн алиа салбадайнуудад хатуухан анхааруулчихъя гэж бодож байна. Удахгүй цар тахлын нөхцөл байдал гайгүй болоод ирэх үед үүнийг хэлэх ёстой газар нь хэлнэ гэж бодож байна. Иргэд маань энэ улс төрийн хөөсөнд автахгүй, урдаа тавьсан зорилтоо  хэрэгжүүлэх нь та бидний хувьд туйлын чухал юмаа гэж бодож байна" гэлээ.

Таны сурталчилгаа