Цаг үеийн мэдээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2021.05.03/мэдээлэл хийлээ. 

УИХ дахь Ардчилсан намын  бүлгийн 13 гишүүн Норовын Алтанхуягийг дэмжин ажиллана гэдгээ мэдэгдлээ. 

Мэдээллийн үеэр УИХ- ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат : " Ардчилсан намын бүлгийн хувьд энэ сонгуульд амжилт авчрах  Нэг намын, нэг хүний дарангуйллын эсрэг тэмцэж чадах ийм нэр дэвшигчээ гаргасан. Энэ нэр дэвшигч маань УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Н.Алтанхуяг юм.  Н.Алтанхуяг даргынхаа бүх ажил хэрэгт Ардчилсан нам, Ардчилсан намын бүлгийн гишүүд дэмжиж ажиллахаа албан ёсоор мэдэгдье. 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай намууд нэр дэвшүүлэх эрхтэй. Тийм учраас Ардын нам болон ХҮН нэр дэвшүүлсэн. О.Цогтгэрэл даргатай Ардчилсан намын хувьд 13 гишүүн нь Их хуралд сууж байна. АН-ын Үндэсний бодлогын хороо 400 гаруй гишүүдтэй. Үүний 275-ын ирцтэйгээр хуралдсан. 1000 гаруй төлөөлөгчийн 700 гаруй төлөөлөгч нь Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг 300 гаруй саналын төлөөллөө оролцуулан хуралдсан. Ингээд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Монгол Улсын Ерөнхийлөгчид дэвшүүлэхээр өргөн барьсан. Мөн түүнийг дагасан мөрийн хөтөлбөрүүдийг өргөн барьсан. Үндэсний аудитын газар Ардчилсан намын бүлгээс тодруулга авсан. Манай 13 гишүүн Н.Алтанхуяг гишүүнийг дэмжиж оролцоно гэдгээ мэдэгдсэн. Одоо бичгээр хүргүүлнэ. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан: "Н.Алтанхуяг дарга манай АН-ын даргаар ажиллаж байсан. Түүний дараагаар З.Энхболд, С.Эрдэнэ, хэсэг хугацаанд миний бие үүрэг гүйцэтгээд одоо намын дүрмийн дагуу О.Цогтгэрэл дарга сонгогдоод явж байна. Н.Алтанхуяг, З.Энхболд, С.Эрдэнийн,  миний  барьж байсан одоо О.Цогтгэрэлд байгаа нэг л тамга байгаа гэдгийг та бүхэнд хэлье. Энэ тамга хаягдаагүй, үрэгдээгүй, яг тэр хэвээрээ өнөөдрийг хүртэл байгаа. Нөгөө талд бол гэрчилгээн дээр нэр байгаа учраас энэ бол манай нам юм гэсэн тайлбарыг хийж УБЕГ-ын нэг байцаагчаар шийдвэр гаргуулж  тамга хийлгэж авсан. Тэр тамга бол хүчингүй тамга. Тэгэхээр хүчингүй тамгаар дардас дарж, үйл ажиллагаа явуулбал энэ өөрөө хууль зөрчиж байгаа үйлдэл шүү гэдгийг албан ёсоор хариуцлагатайгаар хэлье" гэлээ. 

 

 

 

 

Таны сурталчилгаа