Цаг үеийн мэдээ

Нам тус бүрийн төлөөлөл хуулийн хүрээнд өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчийнхээ материалыг хүлээлгэн өгч байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн материалыг хүлээлгэн өгөхөөр СЕХ-нд хүрэлцэн ирсэн. Харин Сонгуулийн ерөнхий хорооноос үндсэн хуульд заасны дагуу АН-аас зөвхөн 1 хүний материалыг хүлээн авна гэдгээ мэдэгдэн Н.Алтанхуягийн материалыг хүлээн авсангүй. 

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: "Улс төрийн намууд дангаараа болон хамтарч зөвхөн нэг хүнийг нэр дэвшүүлнэ гэсэн Үндсэн хуулийн хэм хэмжээ бий. АН-ын дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ бүртгэлтэй. Тус намын тамганы асуудал шүүхийн маргаантай байгаа. Тэгэхээр нэг намаас нэг нэр дэвшигч тодорно. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд мөн ийм заалт байгаа. Ардчилсан нам хоёр хэсэг газар нэр дэвшүүлж байна. Үндэсний аудитын газарт мөн л хоёр мөрийн хөтөлбөр өгсөн. Хоёулаа манайд ирлээ.

Нэг хүнийг нэр дэвшүүлнэ гэдэг асуудал дээр маргаан үүсэхээр байна. Нэг хүнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх асуудлыг дотооддоо шийдэхийг хүсэж байна. Аудитын газраас зөвхөн мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийсэн байна. Улсын дээд шүүхийн лавлагаагаар бол С.Эрдэнэ тус намын даргаар сонгогдсныг бүртгэсэн байгаа юм. Энэ асуудлыг цэгцэлж, тодруулах асуудлыг та бүхэн шийдээч. Бид нэг намаас зөвхөн нэг материал авах ёстой. Улс төрийн намуудын төрийн сонгуульд оролцох эрхийг Сонгуулийн ерөнхий хороо шийдэх юм шиг нөхцөл байдал үүсэж байна. Бид та бүхнээс материал хүлээж авах хугацааг хойшлуулж өнөөдрийн 18:00 цагаас та бүхнийг хүлээж байя" гэлээ. 

Таны сурталчилгаа