Цаг үеийн мэдээ

Өнөөдөр улс төрийн орчинд үүсээд буй улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор Ардчилсан намын төлөөлийн төв байгууллага болох ҮБХ, Улс төрийн зөвлөл хамтран хуралдлаа. 

Тус намаас салан тусгаарласан С.Эрдэнэ нарыг МАН-ын даалгавар, чиглэлээр төрийн холбогдох байгууллагууд хууль бусаар өөгшүүлэн зүтгүүлж зүй ёсны Ардчилсан намыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байх арга хэмжээ авснаар ардчиллын мөн чанараас ухарч нэг намын хэмжээгүй дарангуйлал тогтоож буйг намын гишүүд эрс буруушааж үүний эсрэг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн зарласан улс төрийн өлсгөлөнг дэмжлээ. 

Асуудал анхнаасаа нэг намын дотоод асуудал эсвэл хэн нэг нэр дэвшигчийг бүртгүүлэх гэхээсээ илүү ардчилал, хуульт ёсны эсрэг нам дамнасан бүлэглэлтэй тэмцэх асуудал байсан, иймд цаашид улс төрийн тэмцлийг орон даяар үргэлжлүүлье хэмээн аймаг, дүүргийн намын гишүүд дуу хоолойгоо илэрхийлэв. Цар тахлын үеийн өнөөгийн нөхцөлд нийтийг хамарсан эрсдэлтэй арга хэмжээ зохион байгуулахгүйгүйгээр тэмцлээ үргэлжлүүлэх, түүнчлэн мянга мянган гишүүдийнхээ бухимдал, санаачилгыг зөв чиглүүлж Ардчилсан нам нэг талдаа цул байгааг нотлох нь чухал гэдгийг ч онцлон тэмдэглэв. 

Мөн хурлаас УБЕГ, Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нарын гаргаж өгсөн намын тамга, төлөөлөх эрх бүхий этгээдийн талаарх тодорхойлолтууд, түүнд үндэслэсэн гэх СЕХ-ний шийдвэр нь шүүхийн шийдвэрийг үл хэрэгсэж эсрэгээр тайлбарласан, баримтуудыг мушгин гуйвуулсан зэрэг ноцтой зөрчилтэй байх тул хууль шүүхийн байгууллагад хандахаар тогтлоо.

Ардчилсан нам 

Таны сурталчилгаа