Цаг үеийн мэдээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, УИХ-ийн гишүүн асан Х.Тэмүүжин нар Ардчилсан намын дотоод асуудлын талаар мэдээлэл хийж байна.

Энэ үеэр АН-ын гишүүн З.Нарантуяа "Өнөөдрийн бид гурвын гаргаж байгаа санаачлага зөвхөн АН-ын асуудал биш. Монголын парламентад сөрөг хүчнээс тавих хяналтыг чангатгах сөрөг хүчний чадамжийн тухай асуудал. АН эв нэгдэлгүй байгаагийн улмаас сүүлийн УИХ-ын хоёр сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуульд маш амжилтгүй оролцлоо. Сонгуульд оролцоогүй иргэд сонголтгүй учраас саналаа өгөөгүй гэж ойлгож байна" гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн МАН АН-ын дотоод хагарлыг мөн сонгуулийн хуулийг тодорхой хэмжээгээр өөрт ашигтайгаар ашигласан. Ардчилсан намын онц их хурлыг зарлах, нэг удирдлагатай болгох санаачлагыг жирийн гишүүдийн зүгээс маш ихээр ирүүлж байна. Иймээс АН-ын дотоод эв нэгдлийг хангах намын Их хурлыг хуралдуулж, нэг удирдлагатай болгох зорилгоор 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулах санаачлагыг өнөөдрөөс эхлүүлж байна. Улсын дээд шүүхэд хэд хэдэн удаа материалаа хүргүүлсэн боловч дотоод эв нэгдлээ хангаад ир гэсэн ганцхан шаардлага тавьж байна" гэв.

УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин "Хоёр газар хуралдахаа болъё. Энэ намд хүмүүс итгэдэг байсан, тэр итгэлийг хоорондоо талцсан байдал эвдэж байна. Иймээс Ардчилсан намын гишүүд бид эв нэгдлийг сэргээх зорилгоор мянга мянган гишүүдийн гарын үсгийг цуглуулж байна.

Бид гурвын хувьд өмнө нь Ардчилсан намын дэд дарга байсан хүмүүс. Бидэнд амбиц байхгүй, дүрмийнхээ дагуу ямар нэг тушаалд дэвших эрх байхгүй. Өнөөдрийн яригдаж байгаа зүйл дараачийн үр хойчид хэрэгтэй үйл хэрэг юм" хэмээлээ.

 

Таны сурталчилгаа