Цаг үеийн мэдээ

Хөдөлмөрийн үндэсний нам Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдэж, мэдээлэл хийв. Энэ үеэр ХҮН-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Ганзориг " Вакцинжуулалт эрчимтэй хийсэн ч халдварын тархалт нэмэгдэж байна. Ийм үед иргэдийг нэг дор цуглуулах нь эрсдэлтэй. Тиймээс Засгийн газарт шаардлага хүргүүлж байна.

-Баяр наадмыг тэмдэглэх хугацааг хойшлуулах. 10 тэрбум төгрөгөөр Пфайзер вакцин худалдан авч 12-оос дээш насны хүүхдүүдээ вакцинжуулах.

-Төсвийн тодотголыг нэн яаралтай хийх. Хөрөнгө оруулалтын төслүүдийг хойшлуулах, заримыг нь цуцлах. Хүүхдийн мөнгийг шат дараалан бууруулах. Орлого багатай айл өрхүүдэд түлхүү анхаарч зарцуулахыг шаардаж байна" гэлээ.

Харин намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд “Мутацилагдсан Энэтхэгийн хэлбэр Монголд орж ирсэн байх магадлал 95 хувьтай байна. Баяр наадмаа хийх цаг нь биш. Тохиолдлын тоо буурсан үед баяр наадмыг хийж болно. Иргэдээ хөдөө орон нутагт аялах боломжоор хангах хэрэгтэй. Хаврын чуулгандаа багтаагаад төсөвт тодотгол хийх хэрэгтэй. Долдугаар сарын 1-ээс иргэд, аж ахуйн нэгжийн амьдрал бидэнд хамаагүй гэж хандаж болохгүй. Ковидын үед олон хүүхэдтэй айлуудад хүнд тусч байна. Халдвар их авч байна. Ковидын үед хамгийн нүдээ олсон хөтөлбөр бол хүүхдийн мөнгө. Тиймээс шууд 20 мянга болгож бууруулж болохгүй. Амьжиргааны түвшин доогуур өрхүүдийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгох хэрэгтэй.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 288 төгрөг болгож 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн. Энэ мөнгийг бууруулж болохгүй. Нийгмийн эмзэг бүлгийн, тусламж шаардлагатай иргэддээ чиглэж төсвийн тодотголыг хийх хэрэгтэй” гэлээ.

Таны сурталчилгаа