Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.06.17) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.00 цагт гишүүдийн ирц бүрдсэнээр цахимаар эхэлж, хэлэлцэх асуудлаа тогтов.
"Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч нь Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргаснаас хойш З0 хоногийн дотор Улсын Их Хуралд Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө. Ерөнхийлөгч тангараг өргөх өдрийг Улсын Их Хурал товлон тогтооно” гэж заасан. Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийг 2021 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 40 минутад байхаар тогтоож, Улсын Их Хурал тогтоол баталсан.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд “Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журмыг Улсын Их Хурал тогтооно” гэж заасан. Энэ дагуу Улсын Их Хурлын даргын 2021 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол, хүндэтгэлийн ажиллагааны бэлтгэлийг хангаж, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг энэхүү журмын зарим заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэний дагуу Төрийн ёслолын газраас журамд нэмэлт, өөрчлөлт оруулах санал ирүүлжээ. Иймээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт “Улсын Их Хурал шийдвэр гаргахаар хууль тогтоомжид заасан болон хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон аливаа зохион байгуулалтын шинжтэй асуудлын талаар хариуцсан байгууллага, эрх бүхий албан тушаалтан саналаа ирүүлсэн бол холбогдох Байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлтээ шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулна” гэж заасны дагуу “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.
Улсын Их Хурлын 1993 оны 40 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журамд 1997, 2013, 2017 онд нэмэлт, өөрчлөлт оруулж иржээ. Харин одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журамд нэмэлт, өөрчлөлт оруулахаар бэлтгэхэд журмын 15 заалтын 13 заалт буюу 80 хувьд нь өөрчлөлт оруулж, зарим хэсэг, заалтыг шинээр нэмэх шаардлагатай байгааг Ажлын хэсэг хэлэлцээд Улсын Их Хурлын 1993 оны 40 дүгээр тогтоолоор батлагдсан журмыг шинэчлэн батлахаар бэлтгэсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журмыг шинэчлэн боловсруулахдаа Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Төрийн тамгыг танхимд залж, тангарга өргөх ёслолын дараа буцаан байранд нь залах, Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан цэргийн жагсаал явуулах заалтыг 2017 онд хүчингүй болгосныг сэргээн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар нарийвчлан тусгажээ.
Мөн бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч тулгар төрийн уламжлалт есөн хөлт Их цагаан туганд хүндэтгэн ёсолж, адис авч, Төрийн хүндэт харуул жагсан, холбогдох албан тушаалтнууд үдэн гаргах журмыг нэмж тусгасан байна. Түүнчлэн Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд бараалхаж баяр хүргэх, мөн гадаадын зочин, төлөөлөгчид Ерөнхийлөгчид бараалхаж баяр хүргэх ёслолыг Төрийн ёслолын газар, Гадаад харилцааны яамны Дипломат ёслолын газар хамтран зохион байгуулахаар тусгасан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу боловсруулсан уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэн дэмжиж, тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэж үзсэн юм.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 70.6 хувь нь дэмжсэнээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.