Цаг үеийн мэдээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд тулгарч буй 76 асуудлыг оношилж мэргэжилтнүүд, олон нийтийн оролцоотой бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэн тэдгээр асуудлын шийдлийг дэвшүүлэх санаачилгыг Ардчилсан намаас дэвшүүлсэн. Уг хөтөлбөрийн бэлтгэл ажлын хүрээнд Ардчилсан намын бүтцээр дамжуулан орон даяар судалгаа хийж тулгамдсан асуудлуудыг тодруулж эрэмбэлэх юм. Үүний зэрэгцээ намын ҮБХ, Бодлогын зөвлөлийн гишүүд асуудал, боломжтой газар дээр нь танилцаж судлах ажлууд хийгдэнэ. Энэ ажлын эхлэл болгож намын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл тэргүүтэй ажлын хэсгийн гишүүд энэ сарын 19-с 20-ны өдрүүдэд Төв аймгийн Угтаалцайдам, Сэлэнгэ аймгийн Мандал сумдад ажиллалаа. 

Хөдөөд хөгжих боломж, ХАА-д асар их чадавхи нуугдаж буй, гагцхүү шат шатандаа оновчтой бодлого, үр дүнтэй менежмент хэрэгжүүлэх нь чухал. Тиймээс ч “Монголын 76 асуудал, шийдэл” сумаас эхлэх нь зөв зүйтэй юм. Ажлын хэсгийн гишүүд сумдын удирдлагатай уулзаж орон нутгийн асуудал, шийдэл, төрийн үйлчилгээний нөхцөл байдалтай газар дээр нь танилцахын зэрэгцээ хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр бизнес эрхлэгчидтэй санал солилцов.  

“Асуудал, ач холбогдол, хүлээлтийн талаар хүүрнэлдэж явахад бид асуудлыг засаг захиргааны нэгжээр зааглаж харах биш, эдийн засгийн бүсээр нь эргэцүүлэн үзэж, илүү томоор харж төлөвлөх шаардлага гарцаагүй үүсжээ гэж бодогдож байна. Замд таарах Дарханы зам мэт төлөвлөлтгүй, гүйцэтгэлгүй, эзнээ хүлээсэн асуудлуудтай Ардчилсан нам цаашид тулж ажиллана” хэмээн Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл энэ үеэр сэтгэгдлээ илэрхийлж байв. Ажлын хэсэг мөн Угтаалцайдам, Мандал, Баянгол сумдын Ардчилсан намын гишүүд, орон нутгийн намын удирдлагуудтай уулзаж зөвлөлджээ. 

“Монголын 76 асуудал-шийдэл” хөтөлбөрийг судалгаатай, тэмүүлэлтэй, алсыг харсан, хөгжилд чиглэсэн ажил болно гэсэн хүлээлттэйгээр гишүүд хүлээн авч байна.

Таны сурталчилгаа