Цаг үеийн мэдээ

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.06.23) 14 цаг 10 минутад ирц эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов.

Хуралдааны эхэнд Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Мөнхцэцэг хийв.

Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хэлэлцэн шийдвэрлэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн. Нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед Улсын Их Хурлын даргаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Соёлын өвийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 4 дүгээр зүйлийн 20 дахь заалт буюу 52 дугаар зүйлийн 52.4 дэх хэсгийг өөрчлөн найруулах саналын томьёоллыг бэлтгэсэн. Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр байгаа, мөн Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5 дахь хэсэгт заасны дагуу татварын холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг 2021 оны намрын ээлжит чуулган эхлэхээс өмнө Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, Соёлын тухай хууль хүчин төгөлдөр болох хугацаанаас өмнө батлуулахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг бэлтгэн танилцуулж байна гэв.

Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, тодруулга авав. Тухайлбал, Ж.Мөнхбат гишүүн Соёлын тухай хууль анх хэлэлцэгдэж байх үед соёлын өвийг хамгаалах тухай асуудлыг тус хуульд уялдуулах талаар саналаа тусгаж байсан. Иймд соёлын өвийг хамгаалах, тэр тусмаа түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хууль бус хайгуул, малтлагаас урьдчилан сэргийлэх, соёлын өвийг хулгайд алдахаас сэргийлэх асуудал тус хуульд хэрхэн зохицуулагдсан талаар тодруулав.

Ажлын хэсгээс хийсэн тайлбарт, шинэчилсэн найруулагад, уг асуудлыг цогцоор нь оруулсан. Тодруулбал, хууль хэрэгжүүлэх ажлын хүрээнд төсвийн, эрүүгийн болон бусад холбогдох хуульд нэмэлт оруулахаар заасан, мөн боловсон хүчин, албан хаагчдын тоог нэмэгдүүлэх заалт тусгасан гэв.

Ажлын хэсгийн ахлагчийн хийсэн танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны дарга Г.Дамдинням чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед Улсын Их Хурлын даргаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Соёлын өвийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол боловсруулсан. Иймд уг зарчмын зөрүүтэй саналын томьёололд санал хураалт явуулна гэв. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтын дагуу төслийн 4 дүгээр зүйлийн 20 дахь заалт буюу 52 дугаар зүйлийн 52.4 дэх хэсгийг “Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг хоёр жилээс дээшгүй хугаацаагаар улсын хилээр нэвтрүүлнэ. Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас уг хугацааг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн мэргэжлийн зөвлөлийн саналыг үндэслэн нэг удаа 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно” гэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол хуралдаанд оролцсон гишүүдийн 72,7 хувийн саналаар дэмжигдэв.

Ийнхүү Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Мөнхцэцэг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Үргэлжлүүлэн Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд анхны хэлэлцүүлгийг хийв. Анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин хийв.

Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хорооны тогтоолоор Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаан, нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, П.Анужин, Б.Баярсайхан, Б.Жаргалмаа, Ж.Мөнхбат, Н.Учрал нар ажиллалаа. Ажлын хэсэг 2 удаа, ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсэг 3 удаа хуралдаж, төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүдээс төсөлтэй холбогдуулан гаргасан саналууд, уран бүтээл, мэргэжлийн төрийн бус байгууллагын санал, бусад орны сайн туршлагыг судалж, саналын томьёолол бэлтгэсэн. Үүнд,

- Кино урлагийг дэмжих чиглэл, зарчмыг тодорхой болгож, хуулийн нэр томьёог бусад хууль тогтоомжтой нийцүүлсэн.

- Кино урлагийг дэмжих сангийн нийтлэг харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулж, бүрдүүлэлт, зарцуулалтын онцлог харилцааг нь Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөлд тусгахаар заалаа. Кино урлагийг дэмжих санхүүжилтийн зохицуулалтыг цогцоор шийдвэрлэхээр тусгасан.

- Кино урлагийг дэмжиж, кино урлагаар дамжуулан дэлхийд түүх, өв соёлоо таниулах, олон улсын түвшинд өрсөлдөх, үндэсний кино урлагийг хөгжүүлэх зорилгоор бусад орны жишигт нийцүүлэн Кино бүтээх зардлын буцаан олголтын талаар шинээр бүлэг нэмсэн.

- Кино урлагийг дэмжих сан, буцаан олголтын зохицуулалттай холбоотой үйл ажиллагааг зохицуулах, мэргэжлийн санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Кино урлагийн өвлөл, түүний чиг үүрэг, бүрэлдэхүүний талаар тусгасан.

- Кино урлагийн салбарын төрөөс үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагаанд цахим үйлчилгээ нэвтрүүлэхээр зааж, мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглахтай холбоотой зохицуулалтыг өргөжүүлж тусгасан гэв.

Байнгын хорооны дарга Г.Дамдинням Ажлын хэсгээс бэлтгэсэн саналын томьёоллыг зүйл тус бүрээр нь хэлэлцэнэ гэж хуульд заасан болохыг хэлэлцэх асуудлын өмнө танилцуулав.

Ингээд танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, тайлбар авсны дараа Ажлын хэсгээс бэлтгэсэн нийт 30 гаруй саналын томьёоллыг зүйл тус бүрээр хэлэлцлээ. Зарим зүйл, заалтад Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг тусгахаар тогтож, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар бүгд дэмжигдсэн.

Ийнхүү Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Таны сурталчилгаа