Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Үүний дараа тэрбээр хуулийн төслийн талаар мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “1994 онд анх батлагдсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 27 жилийн турш Улаанбаатар хотын аж амьдралыг зохицуулж ирсэн. Тухайн үед Монгол Улсын нийслэл 500 орчим мянган хүн амтай байсан бол өнөөдөр 1.5 сая хүн амтай, өнөр өтгөн, том хот болж өргөжин тэлсэн. Хүн амын тоо нэмэгдэхийн хэрээр нийслэл хотод олон тулгамдсан асуудлууд үүссэн. Энэ нь өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд бүрэлдсэн байна. Эдгээр тулгамдаж буй асуудлыг яг өнөөдрийн эрх зүйн түвшинд зохицуулах, өөрөөр хэлбэл хот өөрийнхөө санхүү, эрх зүйн боломжит байдлуудад тулгуурлан зохицуулах боломж хязгаарлагдмал байгаа гэдгийг судлаачид олон талаас нь дүгнэсэн. 2019 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын Үндсэн Хуульд оруулсан нэмэлт өөрчлөлттэй уялдуулж, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчилсэн найруулга хэлбэрээр Улсын Их хурлын даргад өргөн барилаа. Улаанбаатар хотын олон асуудлыг Засгийн газар, нийслэл хамтран шийдэх шаардлага гарч ирж байна. Тухайлбал, түгжрэл, агаар, хөрс, усны бохирдол, Сэлбэ гол, Дунд гол, Туул голын ай савыг хамгаалах, дархан цаазат Богд хан уулынхаа экосистемийг хадгалж, хамгаалах гэх мэтээр тулгамдсан асуудлуудыг цогц шийдэх хэрэгтэй байна. Иймд эрх зүй, эдийн засгийн боломжийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газар, нийслэлтэй хамтран боловсруулж, ийнхүү өргөн барилаа” гэлээ.
Мөн “тус хууль маань Их хурлаар хэлэлцэгдэн, батлагдвал нийслэл цаашид санхүүгийн хувьд бие даан хөгжих боломжууд нь нээгдэнэ. Нийслэлийн санхүү, эдийн засгийн боломжууд нэмэгдэхийн хэрээр хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх олон боломжууд бий болно. Мөн энэ хуулийн төслийн нэг онцлог нь зарим төрлийн салбарыг хөгжүүлэх зорилгоор татваргүй бүсүүдийг бий болгох зорилтуудыг тавьж байгаа юм. Зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих бүсүүдийг бий болгох, инновацын төвүүдийг бий болгох, цаашлаад IT-д суурилсан үйлдвэрлэлийг бий болгох эдийн засгийн хөшүүргүүдийг тус хуулийн төслөөрөө дурдаж, зохицуулалтуудыг хийхийг зорьж ажиллаж байна. Одоо хуулиа хэлэлцэх эсэхээ шийдээд, ажлын хэсэг байгуулах, дараагийн их хурлын процесс үлдэж байна” гэлээ.