МАН-ын Бага хурлын ээлжит XI хуралдаан 2 өдөр цахимаар хуралдаж өндөрлөлөө. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхийг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлж, МАН-ын даргаар Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг сонгосон. Энэ үеэр МАН-ын дарга асан У.Хүрэлсүх 100 жилийн түүхтэй намын, даргын буухиаг нэр төртэй үргэлжлүүлж, улс орноо хөгжүүлэх их үйлстээ өндөр амжилт гаргахыг шинээр сонгогдсон дарга Л.Оюун-Эрдэнэд хүсэн ерөөж, МАН-ын тамгыг гардуулав.
Бага хурлын ээлжит XI хуралдааны хоёр дахь өдөр /2021.06.26/ Бага хурлын орон гарсан гишүүд болон Удирдах Зөвлөлийн гишүүдийг шинэчлэн баталлаа. Мөн МАН-ын орон тооны гурван нарийн бичгийн даргаар тус намын Намын байгуулалтын газрын дарга Н.Энхбаатар, Хэвлэл мэдээлэл, Цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Тулга нарыг томилсон бол орон тооны бус нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Сарангэрэл томилогдов.
Бага хурлын XI хуралдааныг хааж МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ үг хэлсэн бөгөөд тэрээр намынхаа эв нэгдлийг хангаж, улс орноо хөгжүүлэхийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнээ хийхээ илэрхийлсэн юм.