Цаг үеийн мэдээ

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн захирал,  эрхлэгч нартай “Хариуцлагын гэрээ” байгууллаа. 

Уг гэрээ нь сургалтын байгууллагын орчинд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, багш, ажилтан, хүүхэд багачуудын эрүүл мэндийг хамгаалах зорилготой юм.  Мөн сургууль, цэцэрлэгийн гадна, дотор орчны аюулгүй байдлыг хангаж, сургалтын таатай орчин бүрдүүлэх, хүүхдийн эрхийг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд сургууль-багш- эцэг эхийн хамтын оролцоог нэмэгдүүлэх, байгууллагын гадна орчны 50 м талбайн хог хаягдлыг тогтмол цэвэрлэн, ногоон байгууламжийг арчлах зэрэг чиглэлээр мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллана. 

Гэрээний хэрэгжилтийн хангуулахаар Засаг даргын Тамгын газрын албан хаагчид сургууль, цэцэрлэгүүдэд сар бүрийн 1, 3 дахь долоо хоногт хяналт тавьж ажиллана. Ингэхдээ Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 41 дүгээр тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, Нийгмийн эрүүл үндэсний төвөөс гаргасан “Коронавируст халдвар, улирлын томуугаас урьдчилан сэргийлэх зөвлөмж”-ийн хэрэгжилтийг хангуулна. 

Ийнхүү “Хариуцлагын гэрээ” байгуулах нь нутгийн захиргааны байгууллага, сургууль, цэцэрлэгүүдийн хамтын ажиллагааны хүрээнд цогц ажил болж буйгаараа ихээхэн ач холбогдолтой, анхдагч санаачилга боллоо.