Цаг үеийн мэдээ

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас “Дэлхийн хүнсний өдөр”-ийг 1981 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 16-нд тэмдэглэж ирсэн. “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тохиолдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн газар болон Монголын хүнсчдийн холбоотой хамтран “Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. 

Энэ жилийн бага хурлыг “Хүнсний аюулгүй байдал-Хүнсний сүлжээ” сэдвийн хүрээнд зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний бага хурлын нээлтэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа, Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Нармандах оролцсон бөгөөд Монгол Улсын гавъяат багш, доктор, дэд профессор Г.Энхтайван хүндэтгэлийн илтгэл тавьснаар албан ёсоор эхэлсэн юм. 

Бага хуралд зөвхөн оюутан, судлаач, эрдэм шинжилгээний ажилтнуудаас гадна хувийн аж ахуйн нэгжүүд идэвх санаачилгатай оролцлоо. Тухайлбал, “Цагаан идээнээс ялгасан сүүн хүчлийн бактерийн биологийн  идэвхийн судалгаа”, “Бог малын тархи хүнсний үнэт түүхий эд болох нь”, “Хуурмаг булчирхайт ортууз (oxytropis pseudoglandulosa)-ыг хүнсний нөөшлөгч болгон ашиглах боломж”, “Өндөгний хальсаар бэлдмэл үйлдвэрлэх технологийн судалгаа”, “Борцыг үйлдвэрлэлийн аргаар хийх процессын судалгаа”, “Чонон хармаг жимсний шүүсэнд агуулагдах антиоксидант болон физик химийн үзүүлэлтийг судалсан дүн” зэрэг олон сонирхолтой сэдвээр судалгааны үр дүнгээ танилцуулав. 

Бага хурлын зорилго:

•    Хүнсний аюулгүй байдлыг хангахад оюутан, судлаач, эрдэм шинжилгээний ажилтны оруулах хувь нэмрийг зохих ёсоор үнэлэх;

•    Эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг төрийн бодлого, шийдвэрт тусган хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх;

•    Хүнсний технологийн судалгааг үйлдвэрлэлд нэвтрүүлэх;

• Төрийн захиргааны болон эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоодын гурвалсан хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх;

•    Хүнсний салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, олон нийтэд сурталчлан таниулах;

•    Хүнсний салбарын хүний нөөцийг бодлогын түвшинд бэлтгэх, салбар дундын уялдааг хангах. 

Хүнсний аюулгүй байдлыг хангахад оюутан, судлаач, эрдэм шинжилгээний ажилтны оруулах хувь нэмрийг үнэлэх, хүнсний чиглэлийн судалгааны ажлыг эргэлтэд оруулах, төрийн бодлого, шийдвэрт тусган хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх, технологийн судалгааг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн холбоо, эрдэм шинжилгээний байгууллагуудын гурвалсан хамтын ажиллагааг дэмжих, хүнсний салбарын хүний нөөцийг бодлогын түвшинд бэлтгэх, салбарын хөгжлийн чиг хандлагыг хамтран тодорхойлоход тус бага хурал чухал ач холбогдолтой юм.