Цаг үеийн мэдээ

Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Ш.Адьшаа, С.Амарсайхан, Э.Бат-Амгалан, Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Д.Ганбат, Г.Ганболд, Ц.Даваасүрэн, Б.Жаргалмаа, Л.Мөнхбаатар, Ц.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Б.Саранчимэг, Д.Тогтохсүрэн, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн, Б.Энх-Амгалан нар  Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өчигдөр өргөн барисан.

Хуулийн зорилт нь автомашин эзэмшигчдийг жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэсэн юм.

Хууль батлагдсанаар:

1. Хохирлыг бодитоор үнэлдэг болно.

2. Эрүүл мэнд, амь насны хохирол гараагүй бол цагдаагийн тодорхойлолт шаардахгүйгээр, давхар зөрчлийн оноо хасуулж, торгуулахгүйгээр даатгалаас нөхөн төлбөр авдаг болно.

3. Осол гарсан даруйд засварын газарт шууд очиж автомашинаа засуулдаг болно. /Төлбөр тооцоо Даатгалын сангаас засварын газарт шилжинэ/

4. Зөвхөн автомашин эзэмшигч даатгал төлж, тухайн автомашиныг жолоодсон гэр бүл, үр хүүхэд, бусад хүмүүс даатгалтайд тооцогдоно.

5. Осол гаргаагүй жолооч нарын даатгалын хураамжийг бууруулна.

6. Заавал өөрийн биеэр даатгалын компанид очихгүйгээр цахимаар даатгалд хамрагдах боломжтой болно.

7. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагааг эрхлэх хуулийн этгээдийн удирдах бүрэлдэхүүнд даатгуулагч буюу жолооч нараас төлөөлөл орж, хяналт тавих боломжтой болно.

8. Даатгалын санд хуримтлагдсан мөнгө хэн нэгэнд ашиг болохгүй, үүнийг жолооч нарын өөрсдийнх нь төлөө зарцуулна. Соён гэгээрүүлэх, сургах, ослыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зэргээр тусгасан байна. 

Харин УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өнөөдөр өөрийн цахим хуудастаа ийн нийтэлжээ. 

Тэрээр: "Жолооч иргэдийг чирэгдүүлж, хохироож, төрийн нэрээр албан журмаар халаасыг нь суйлж, өөрсдөө маш их ашиг хийсэн зарим даатгалын компанийн энд бичээд байгаа зохион байгуулалттай дайралтууд, явуулгуудыг блоклож байна. Тийм сүрхий жолооч иргэдийг бодсон юм бол өмнө нь ухаарч, тэдний эрх ашгийг бодож байхгүй яасан юм? Төрийн нэрээр 1 сая жолооч иргэн дээр албан ёсны дээрэм луйврыг 10 жил хийж, үргэлж ийм байх юм шиг бодож яваад, гэнэт энэ гажуудлыг засч залруулна гэхээр үхэлдэж байна. Яривал их юм бий. Гэмт хэргийн шинжтэй ч зүйлс бий. Үе шаттайгаар бүгдийг илчилнэ" гэжээ. 

Таны сурталчилгаа