Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны арваннэгдүгээр сарын 2-нд Монгол Улсын үе үеийн Ерөнхий сайд нарыг хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгыг хүлээн авч Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, М.Энхсайхан, М.Энхболд, С.Баяр, С.Батболд, Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат нар хүрэлцэн ирсэн юм.
Үе үеийн Засгийн газрын тэргүүний санаачилгаар Монгол Улсын Засгийн газрын бодлого, чиглэлийн залгамж чанарыг хангах, Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэхэд Ерөнхий сайдад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар судалгаа, дүн шинжилгээнд үндэслэн зөвлөмж өгөх зорилготой Ерөнхий сайд нарын бодлогын зөвлөл байгуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлж, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат дэд даргаар ажиллахаар болов. Тус зөвлөл улс орны нийгэм, эдийн засгийн чухал асуудлаар санал солилцож байх юм.
Уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн цахим хуудастаа: Уулзалтаас төрсөн бодол: Төр засаг солигдож, төрсөн бие элэгдэвч Монголын цаг үргэлжилнэ. Хувийн гоморхолоо төрийн өсөрхөл мэт ярих хүн гарсангүй. Ашгүй. Даргын ажил ээлжтэй тул хоймор хатавчийн алинд ч суудаг хорвоо аж. Монголчууд бид цөөхөн учраас мөр мөрөө түшихээс өөр зам үгүй" хэмээн нийтэлжээ.