Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүний эрхийн үндэсний форум-2021” Төрийн ордонд болж байна.

“Эрх чөлөө-Тэгш боломж-Эв нэгдэл” уриатай зохион байгуулж байгаа форумаар:

Иргэний болон улс төрийн эрх;

Эдийн засаг, нийгмийн эрх;

Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо;

Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрх гэсэн үндсэн сэдвийг хэлэлцэх юм.

Энэ хүрээнд “Эрх зүйн шинэчлэл-Хүний эрх”, “Тайван замаар жагсаал, цуглаан хийх эрх, асуудал-шийдэл”, “Хууль тогтоох эрх мэдэл ба хүний эрх”, “Хүний эрхийн төлөв байдал,” “Хүний эрх ба шүүх эрх мэдэл”, “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө” зэргийн талаар илтгэл сонсож хэлэлцүүлнэ.

Үндэсний форумыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Олон улсын байгууллагын төлөөлөгчид өө,

Хүний эрхийг хамгаалагчид аа,

Та бүхэнд Олон улсын хүний эрхийн өдрийн мэнд хүргэе.

НҮБ-ын анхны тулгуур баримт бичиг болох “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” одоогоос 73 жилийн өмнөх энэ өдөр батлагдан гарснаар хүний эрхийг дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөх үндэс суурь нь болсон.

Монгол Улс 1961 онд НҮБ-д гишүүнээр элссэнээр улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулан, дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болсноос хойш нэгэн жарныг үдлээ.

Таван тивийн улс, үндэстний энх тайван, аюулгүй байдал, хөгжил дэвшил, хүний эрхийн төлөөх НҮБ-ын зорилгыг монголчууд бүрэн дэмжиж ардчилсан, шинэ Үндсэн хуулиараа баталгаажуулсан.

Монгол Улс өдгөө олон улсын 290 гаруй гэрээ, конвенцод нэгдэн орсон нь манай улсын дэлхий нийтийн үйл хэрэгт эзлэх орон зай, хүлээж буй үүрэг, хариуцлага өсөн нэмэгдэж буйн илэрхийлэл юм.

Үндсэн хуульд заасанчлан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөг үнэлэх эрх зүйн орчин дан ганц дотоодын хуулиар хязгаарлагдахгүй, олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр тогтоогддог өргөн хүрээтэй асуудал билээ. Энэхүү олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх нь хүний эрхийн талаар төрийн хүлээж буй “гадаад үүрэг”-ийг баталгаажуулсан явдал юм.

“Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө төр хариуцна” гэж хүний эрхийн хангах талаарх төрийн “дотоод үүрэг”-ийг Үндсэн хуульд тодорхойлсон.

Эдгээр нь манай орон ардчилсан тогтолцоо бүхий хүний эрхийн талаарх дэлхийн стандартыг бүрэн хүлээн зөвшөөрч, дэлхий дахинд тунхаглан зарласан явдал юм. Түүхийн хуудас сөхвөл эрт үеэс бидний өвөг дээдэс олон үндэстний шашныг хүндэтгэн, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хүлээн зөвшөөрч байсан нь монголчууд бид хүний эрхийг дээдэлж ирсний нотолгоо юм.

Эрхэм нөхдөө,

Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх нь монголчууд бидний Үндсэн хуулиараа тунхагласан эрхэм зорилго билээ.

Харин өнөөгийн нийгэмд цэнгэг ус, цэвэр агаар мэт үгүйлэгдэж буй тулгамдсан асуудал бол нийгмийн шударга ёс юм. Шударга ёс тогтсон тэр л нийгэмд хүний эрх баталгаатай хангагдана. Ийм нийгэм байгуулахыг Монголын ард түмэн хүсэж мөрөөдөж, бас шахаж шаардаж байна.

Нийгэмд шударга ёс тогтоох үндэс бол төрийн байгууллага, албан тушаалтны бүхий л шийдвэр, үйл ажиллагаа гагцхүү Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан хуульд нийцэх буюу хууль засаглах явдал юм.

Миний бие нийгэмд шударга ёс тогтоохын төлөө “Хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө хичээн зүтгэх болно” гэж ард түмэндээ хандаж хэлснийг та бүхэн мэдэж байгаа.

“Хүн биш хууль засаглана” гэдэг бол улс үндэстнээрээ гагцхүү Үндсэн хууль болон бусад хуульд захирагдан, хуулийн гажуудал гаргахгүй, төрийн хуулийг чанд сахин мөрдөж ажиллана гэсэн үг. Нөгөө талаас Монгол төрийн хууль ардчилсан хууль байх учиртай.

Тиймээс өнөөдрийн Хүний эрхийн үндэсний форум “Эрх чөлөө-Тэгш байдал-Эв нэгдэл” уриан дор болж байна. Бид Үндсэн хуулиндаа “Хүнийг нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж болохгүй бөгөөд хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж  тунхагласан.

Гэвч эрх мэдэлтэн, хөрөнгө мөнгөтөн, арга зальтан бусдаас давуу эрх эдлэх, хөнгөн ял шийтгэл хүлээх зэрэг шударга бус байдал оршсоор байна.

Үүнтэй монгол төр хэрхэвч эвлэрч болохгүй. Задарсныг нь засагладаг, ядарсныг нь хайрладаг төртэй байх ёстой. Энэ бол Монгол төр. Ийм төр байсан, цаашид ч байх учиртай.

Эрх чөлөө, тэгш байдлыг хангах гол арга зам бол бидний үндэсний эв нэгдэл юм. Эрх, үүрэг хоёр ижил тэнцүү байдаг шиг эрх чөлөө, эв нэгдэл хоёр эгнэгт салшгүй холбоотой байх учиртай.

Монголчууд эе эвдэрч, ноёд түшмэдүүд хувийн сонирхлоо улс орны эрх ашгаас дээгүүр тавьсан үедээ эрх чөлөө, тусгаар тогтнолоо алдаж ирсэн гашуун түүхтэйг бид мартах учиргүй.

Монгол Улс ардчилсан, шинэ Үндсэн хуулиа батлаад 30 жилийг ардаа үдлээ. Манай улс Үндсэн хуулиараа хүний ба иргэний эрх, эрх чөлөөг ардчилсан нийгэм, эрх зүйт төрийн мөн чанар, өөрийн орны онцлогт нийцүүлэн тодорхойлж, түүнийг хангаж хамгаалах тогтолцоог зохих түвшинд бүрдүүлж чадсаныг гадаад болон дотоодын судлаачид хүлээн зөвшөөрдөг.

Үндсэн хуулийн үзэл баримтлал ёсоор хүний эрх, эрх чөлөөг тунхаглахдаа эрх чөлөөний хязгаарыг ч мөн тогтоож өгсөн. Иргэн бүр үндсэн болон журамт үүрэг хүлээж, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдлыг сахиж, бусдын эрхийг хүндэтгэн, нийгмийн хэв журмыг чанд баримтлах учиртай.

Таны эрх, бусдын эрхээр хязгаарлагддаг болохыг ямагт санаж явах хэрэгтэй. Энэ ч үүднээс ардчилсан нийгэм гэдэг бол хувь хүний дур зорго, анархи байдал биш харин хүмүүнлэг, энэрэнгүй, сахилга, хариуцлагатай, зохион байгуулалттай нийгэм гэдгийг цохон тэмдэглэж байна.

Эрхэм нөхөд өө,

Үндэсний форумаар та бид хүний эрх, эрх чөлөөг хамгаалах тогтолцоо, бодлого, түүний хэрэгжилтийг үнэлэн дүгнэж, цаашид боловсронгуй болгох чиг хандлагаа дахин тодорхойлно гэдэгт итгэж байна.

Монгол Улсын төрийн тэргүүний хувьд хүний эрхийг хангах чиглэлд та бүхнийг дараах үндсэн гурван асуудалд анхаарал хандуулахыг хүсэж байна.

Нэгдүгээрт. Монгол Улс хүний эрхийг хангах бодлого, төлөвлөгөөгөө шинэчлэх шаардлагатай байна.

Монгол Улсын Их Хурлаас 2003 онд хүний эрх, эрх чөлөөг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр”-ийг батлан гаргасан. Энэ хөтөлбөр өөрийн түүхэн үүргээ нэгэнт биелүүлсэн.

Хөтөлбөр хэрэгжих хугацаанд Монгол Улс хүний эрхийг хангах үндэсний механизмаа нэгэнт бүрдүүлж чадлаа. Энэ хугацаанд хүний эрхийг хамгаалах, хянах иргэний нийгмийн суурь, эрх чөлөөний өндөр мэдрэмжтэй нэгэн үе бий болжээ.

Монгол Улс бүс нутаг, Ази тивийн хэмжээнд хүний эрхийг хангах, хамгаалах байдлаараа дээгүүрт эрэмбэлэгддэг бөгөөд дэлхий дахинд ардчилсан, бүрэн эрх чөлөөтэй улс хэмээн нэрлэгддэг. Гэвч цаашид анхаарал хандуулж, сайжруулах асуудлууд цөөнгүй байна.

Тухайлбал;

Ковид-19 цар тахал дэлхий нийт төдийгүй монголчууд бидэнд олон шинэ асуудлыг тод сануулж, хүний эрхийн ойлголтыг шинэ хандлагаар харах шаардлагатайг санууллаа.

Мөн уур амьсгалын өөрчлөлт, экологийн тэнцвэрт байдал нь хүний эрхийг хангахад ялангуяа эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгаа хангах чиглэлээр  тодорхой хүндрэл, сорилт учруулах боллоо.

Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал болох техник, технологийн дэвшил нь зарим талаар хүний эрхийг хангах чиглэлд мөн эрсдэл учруулж байна. Цахим орчинд хүний эрхийг зөрчих, үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулах, оюун санаанд сөргөөр нөлөөлөх нь түгээмэл ажиглагдах боллоо.

Тиймээс бид дээр дурдсан глобал олон өөрчлөлттэй хүний эрхийг хангах асуудлаа зөв уялдуулах бодит шаардлага байгааг мэргэжлийн болон иргэний нийгэм, олон улсын байгууллагуудын судалгаа харуулсаар байна.

Энэ нь цаашид бид хүний эрхийг хангах бодлого, нарийвчилсан төлөвлөгөө болох “Үндэсний хөтөлбөр”-өө нэн даруй шинэчлэх шаардлагатай болсныг харуулж байна.

Хоёрдугаарт. Хүний эрх, түүн дотроо иргэний үндсэн эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог сайжруулах шаардлагатай байна.

Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажсан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлээс хараат бусаар хяналт тавих чиг үүрэг бүхий үндэсний байгууллагыг бид 20 жилийн өмнө байгуулсан.

Та бүхэнд 20 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Өнгөрсөн онд Улсын Их Хурлаас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийг баталсан.

Эдгээр хуулийн хүрээнд Хүний эрхийн үндэсний комисс бүрэлдэхүүн өргөжиж, дэргэдээ эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм, Хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах бүтцийг шинээр байгуулсан.

Гэвч Хүний эрхийн үндэсний комиссын эрх зүйн орчин, материаллаг нөхцөл байдлыг улам сайжруулах шаардлага байсаар байна. Түүнээс гадна Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрхийг хамгаалах шүүхийн механизмын үр нөлөөг бусад ардчилсан орнуудын жишигт хүргэх шаардлагатай байна.

Энэ хүрээнд Үндсэн хуулийн цэцийн хууль тогтоомжийг шинэчлэх шаардлагатай хэмээн мэргэжлийн судлаачид сануулж буйг бид анхаарч үзэх учиртай.

Гуравдугаарт. Монгол хүний эрх баталгаатай хангагдах шаардлага байсаар байна.

Монгол Улсын хамгийн том баялаг бол монгол хүн. Төрийн тэргүүний хувьд монгол хүний эрх дэлхийн хаана ч үл зөрчигдөж, баталгаатай хангагдаж байхад онцгой анхаарна. Монгол Улс эрүү шүүлтээс ангид байх учиртай.

2014 онд эрүү шүүлтийн гэмт хэргийг хараат бусаар шалгаж тогтоодог тогтолцоог өөрчилсөн. Үүнийг НҮБ-ын шинжээчид болон манай судлаачид эрс шүүмжилж, дахин сэргээх шаардлагыг тавьж байгааг бид судалж үзэх нь чухал юм.

Мөн Үндсэн хуульд “Эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” хэмээн заасан. Бидний ирээдүй болсон хүүхэд багачууд айх айдасгүй, харуусах дурсамжгүй байх ёстой.

Монгол төр хүүхдийн язгуур эрх, дээд ашиг сонирхлыг эн тэргүүнд харгалзан үзэж хамгаалах үүрэгтэй.

Манай улс НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцод нэгдэн орсон анхны улсын нэг болохын хувьд Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хууль, дагалдах дүрэм, журмуудыг батлан гаргасан.

Гэвч эдгээр эрх зүйн баримт бичгүүд нь хөрсөн дээрээ нэг мөр хэрэгжихгүй, хэрэгжүүлэх аль нэг шатанд алдаа дутагдал байсаар байгааг нийгмийг цочроож буй хүүхдийн эрхийн зөрчлүүд тодорхой харуулж байна.

Дутуу дулимаг боловсруулсан хууль тогтоомж, дур зоргоороо авирласан албан тушаалтнаас болж хүний эрх зөрчигдөж хэрхэвч болохгүй.

Иймд хүний эрхийг хамгаалах хууль тогтоомжийг ул суурьтай судалж, улам боловсронгуй болгон, төрийн тогтолцоо бүх шатандаа хуулийн биелэлтийг нэг мөр хангаж ажиллах шаардлагатайг онцлон тэмдэглэж байна.

Эрхэм хүндэт төлөөлөгчдөө,

Хүний эрх, эрх чөлөө бол нэг өдрийн, нэг жилийн, нэг Засгийн газрын үйл хэрэг, хөдөлгөөн огтоос биш. Харин амьсгалах агаар мэт хүн бүрийн өдөр тутмын хэрэгцээ шаардлага гэдгийг байнга санах учиртай.

Хүний эрхийг хамгаалах, хэрэгжүүлэх, баталгаажуулах асуудал нь Үндсэн хуульд зааснаар төрийн бүхий л институцийн бодлогын төвд ямагт байх асуудал юм.

Хүний эрхийг баталгаатай эдлүүлэх үйлсэд хүн бүрийн хичээл зүтгэл онцгой чухал билээ.

Төрийн тэргүүний хувьд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалах” үүргийнхээ хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах зөв зүйтэй санал, санаачилгыг бүх талаар дэмжин ямагт хамтран ажиллах болно.

Хүн бүр хүний эрхэм чанарыг дээдэлж, хүнлэг ёс суртахуун, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах хүндтэй үүргээ хором мөч бүрт сахин биелүүлэхийг нийт ард иргэддээ уриалж байна.

 

 

Таны сурталчилгаа