Монгол улсад улс төрийн анхны жагсаал болсон 1989 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн түүхийг хойч үедээ сануулж, Хүний эрхийг хамгаалахын чухлыг нийгэм, олон нийтэд ойлгуулж байх зорилгоор Монгол улсын их хурлаас жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийг Ардчилал, хүний эрхийн өдөр болгон тэмдэгдэж байхаар 2004 онд хуульчилсан юм. Энэ өдөр мөн НҮБ-аас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан, Олон улсын хүний эрхийн өдөр билээ. Түүхт энэ өдөр АН-аас зохион байгуулсан "Хүний эрхийн нээлттэй индэр" цуглаанд УИХ дахь АН-ын бүлгийг төлөөлөн дарга Д.Ганбат ирж үг хэллээ. Монголын нийгэмд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх байнга зөрчигдөх болсныг сануулж, эрх нь зөрчигдөж буй аливаа үйлдлийг эрс эсэргүүцэн, хууль эрх зүйн шаардлагатай бүх шинэчлэлийг хийлгэхийн төлөө зүтгэхээ илэрхийллээ. Мөн хүний эрхийн төлөө тууштай тэмцэж буй залуу үеийнхэндээ талархал илэрхийлж, тэдний төлөөлөл болгон иргэн Д.Монголхүүд "Хүний эрх хамгаалагч"-ийн өргөмжлөлийг гардууллаа.