Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаан (2021.12.14) 15 цаг 45 минутад гишүүдийн ирц 57.9 хувьд хүрснээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаар 12 дугаар сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10.5-д “Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан Улсын Их Хурлын тогтоолд заасан хууль, тогтоолын төслийн хэлэлцэх дарааллыг Зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга сар бүр захирамжаар батална” гэж, 10.6-д “Энэ хуулийн 10.5-д заасан дарааллыг үндэслэн хэлэлцэх асуудлын цаглаврыг Байнгын хороод баталж, мөрдүүлнэ” гэж тус тус заасны дагуу Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд энэ үеэр асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.
Тогтоолын төсөлд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Төрийн аудитын байгууллагын 2022 онд гүйцэтгэх сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр тусгасан байв.
Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив
Хуралдаан Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.
Хуулийн төслүүдийн талаар Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар тус тус танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлаас 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр"-ийг соёрхон баталснаар хэлэлцээрийн 2 дугаар зүйлийн 2.1.1-д заасны дагуу хэлэлцээр заасан агаарын хөлөг, түүний угсралтад ашиглах бүтээгдэхүүний импортод ногдуулах, эсхүл түүнтэй холбогдох гаалийн албан татвар болон бусад хураамжийг арилгах үүргийг" нэгдэн оролцогч тал хүлээснийг салбарын сайд танилцуулгадаа дурдаад дотоодын хууль тогтоомжид “Гаалийн албан татвар болон бусад хураамжийг арилгах" зохицуулалтыг тусгах зорилгоор Гаалийн тариф, гаалийн татварын тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа.
Мөн "Хөдөлгүүр болон газар дээрх дадлагажуур, тэдгээрийг эд анги, бүрэлдэхүүн хэсэг, дэд угсралтын хэсэг, сэлбэг, тоног төхөөрөмж, холбогдох хэрэгсэл" гэж Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр"-ийн хавсралтад заасан бүтээгдэхүүнийг ойлгоно” гэх агуулга бүхий тайлбар нэмж, татвараас чөлөөлөх бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг хэлэлцээрийн хавсралтад зааснаар хязгаарлахаар хуулийн төсөлд тайлбар нэмж тусгасны зэрэгцээ хэлэлцээрт заасан бүтээгдэхүүний хавсралтыг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн ангиллын дагуу гаргахаар Засгиин газрын тогтоолын төслийн хамт боловсруулсан гэв.
Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар:
-агаарын хөлөг авах зардал 18-21 хувиар буурч, энэ зардлыг тийзийн үнэнд шингээхгүй байх нөхцөл бүрдэнэ. Ингэснээр олон улсын болон орон нутагт зорчих зорчигчийн тийзний үнэд зохих хөнгөлөлт бий болно.
-насжилт багатай агаарын хөлгөөр парк шинэчлэлт хийхэд дэмжлэг болж, нислэгийн аюулгүй ажиллагааны хангалтад эерэг нөлөөтэй;
-“МИАТ" болон бусад үндэсний агаарын тээвэрлэгч компаниудын хувьд гадаад улсын агаарын хөлөгт хийж буй агаарын хөлгийн засвар, үйлчилгээ өргөжиж, орлого нэмэгдэнэ;
-агаарын хөлгийн газар дээрх дадлагажуур, эд ангийг татвараас чөлөөлснөөр нисгэгч, инженер техникийн ажилтныг сургах, дадлагажуулах сургалтын төв байгуулахад дэмжлэг болж, сургалтын зардлыг зохих хувиар буурна;
-ачаа тээвэр, хөдөө аж ахуй, уул уурхай, түргэн тусламжийн нислэг гүйцэтгэх агаарын хөлгийн паркийг шинэчлэх, нэмэгдүүлэхэд тус дөхөм болно;
-хэрэглэгчдийн өргөн сүлжээ бүхий ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх, иргэний нисэхийн ажил, үйлчилгээний төрөл, зүйл өргөжиж, ажлын байр шинээр бий болох зэрэг олон талын ач холбогдолтой гэдгийг Л.Халтар сайд танилцуулгадаа онцолсон.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Г.Амартүвшин нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүдийн зүгээс иргэний агаарын хөлөгт каргоны зориулалттай хөлөг хамрагдах эсэх, хуулийн төсөл батлагдвал ирэх оны улсын төсвийн орлого болон татвараас чөлөөлөгдсөнөөр зорчигчийн онгоцны тийзний үнэд өөрчлөлт орох талаар тооцоо, судалгаа хийсэн эсэхийг илүүтэй тодруулсан.
Зам, тээврийн сайд Л.Халтар хариултдаа, Иргэний зориулалттай гэдэгт зорчигч тээвэр болон карго ачаа тээвэрлэлийн онгоц ордгийг тодотгоод хуулийн төсөл хэлэлцэн батлагдсанаар 2022 оны улсын төсөвт ямар нэг санхүүгийн хүндрэл, өөрчлөлт орохгүй гэдгийг онцолсон. Мөн тэрбээр, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталснаар зорчигчдын нислэгийн тийзний үнэ 18-21 хувиар буурна гэсэн анхны тооцоолол гарсан. Түүнчлэн Буян-Ухаа нисэх онгоцны буудлыг олон улсын болон орон нутгийн нөөц буудал, "МИАТ" ХХК-ийн засварын бааз, сургалтын бааз, онцгой байдал, батлан хамгаалах, эмнэлгийн салбарын яаралтай нислэг үйлдэх гэсэн дөрвөн чиглэлээр ашиглахаар төлөвлөсөн. Иймд уг нисэх онгоцны буудлын технологийн зориулалтад байгаа 501 га газрыг Засгийн газрын хуралдаанаар оруулж улсын тусгай хэрэгцээнд авсан гэдгийг хариултдаа дурдав.
Ингээд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 63,6 хувь нь тус тус дэмжив.
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтүүдийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.