Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа. Энэ үеэр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа: "Дэлхийн даяар коронавирусийн омикрон хувилбар 90 гаруй улсад тархаад байна. Омикрон хувилбар тархсан болон тархахаас сэргийлж улс орнууд янз бүрийн бодлого баримталж байна. Монгол Улсын хувьд нэр бүхий 11 улсаас ирэх гадаадын иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж, Монгол Улсын иргэн болон оршин суух эрхтэй гадаадын иргэдийг 10 хоног тусгаарлан хяналт тавьж байгаа. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гадаад улсаас ирж байгаа иргэдийг бүгдийг 3 хоног тусгаарлах тухай ЭМЯ, ХӨСҮТ-өөс гаргасан саналыг Ерөнхий сайд дэмжиж нарийвчилсан зохион байгуулалт журам гаргахыг УОК-т үүрэг болголоо. Өөрөөр хэлбэл өнөөдрийн байдлаар нэр бүхий 11 улсаас ирсэн иргэдийг л 10 хоног тусгаарлаж байсан бол УОК хугацаагаа зарласнаар гадаадаас ирж байгаа бүх иргэнийг 3 хоног тусгаарлах шийдвэрийг Ерөнхий сайд дэмжлээ" гэлээ.