Цаг үеийн мэдээ

Азийн хөгжлийн банкны тогтвортой аялал жуулчлалыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл нуурын баруун эрэг Жанхайн даваа-Тойлогт хүртэлх 38 км хатуу хучилттай авто замын ажил нээлтээ хийж, албан ёсоор эхэлж байна. Зам баригдсанаар Хөвсгөл нуур, нуур орчмын байгаль орчны энэ бүх асуудал шийдэгдэнэ хэмээн УИХ-ын гишүүн, БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ. Тэрээр: 

"2014 оны 8 сард Азийн хөгжлийн банкны эрх бүхий захирлуудыг өдгөө БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан Хатгалд урьж ХӨХ СУВД хөтөлбөрийн төсөл, төлөвлөгөөг танилцуулж, тухайн үеийн Аймгийн дарга А.Эрдэнэбаатар тэргүүтэй удирдлагуудыг байлцуулан танилцуулснаар Азийн хөгжлийн банкны 39 сая ам долларын санхүүжилттэй “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” нэгдсэн төсөл хэрэгжиж эхэлсэн түүхтэй. 

Тухайн үеийн Байгаль орчны сайд асан Н.Батцэрэг тэргүүтэй Монгол Улсын засгийн газрын төлөөлөл, АХБ-ны удирдлагуудын хамт энэхүү төслийг хэрэгжүүлэхээр гарын үсэг зурж 2016-2019 онд Хөвсгөл аймгийн 5 сумын иргэдэд зориулсан 7 тэрбум төгрөгийн төсөл амжилттай хэрэгжсэн. 

Цаашид АХБ-ны төсөлтэй хамтран Хөвсгөл нуурын орчмын аялал жуулчлалын бүсийг олон улсын жишигт нийцүүлэх, томоохон соёл, амралтын цогцолборуудыг байгуулах, орчин үеийн тоноглол бүхий ариун цэврийн байгууламж барих ажлууд төлөвлөгдөж, зураг төслүүд бэлэн болжээ" гэлээ.