Цаг үеийн мэдээ

Боловсрол соёл урлагийн газар, Дархан дахь ОХУ-ын консулын газар, Дархан-Уул аймгийн засаг даргын тамгын газрын цэргийн штабаас хамтран "Миний мэдэх Орос орон-Орос цэрэг 2022" зураг, дуу, шүлгийн уралдааныг Ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулах удирдамж гарсан тухай мэдээлэл цахим орчинд түгсэн. Тухайн уралдааныг  нэлээдгүй иргэд эсэргүүцэн үзэл бодлоо илэрхийлж байв. 

Тэгвэл энэхүү уралдааны удирдамжийг цуцалж, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохоор болсон тухай Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ. Тэрээр: "Ялихгүй зусар баяжихад саад гэж. Бодлогогүй, бас Бялдууч хурган дарга нарын түмэн балгийн нэг. Аймгийн Засаг даргад нь удирдамжийг цуцалж, хариуцлага тооцох үүрэг өглөө. Орос хэлний, Орос орны тухай олимпиад байж болно. Гадаад хэл сурах, сургах бүх санаачилгыг дэмжинэ. Харин  "-Орос цэрэг 2022 " гэж гарчиглах шаардлага байсан уу, цаг хугацааны хувьд зөв үү, олон нийт яаж хүлээж авах вэ? гэж олон талаас нь бодож үзэж болохгүй юу? Өөрсдийгөө өмөөрөлгүй бод бод ..." хэмээлээ.