Цаг үеийн мэдээ

МҮБХ, СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй “Үндэсний алтан цом”-ын төлөөх 21 аймаг, 9 дүүрэг, нийслэл Улаанбаатар хот, Тува улсын нийт 32 багийн хооронд зохион байгуулагдаж буй цувралын дөрөв дэх өдрийн барилдаанд Улаанбаатар хотын баг, Тува улсын багтай хүчийг үзэв. 

Улаанбаатар хотын баг 21:4-өөр илүүрхэж ялснаар дараагийн шатанд өрсөлдөх эрхээ өвөртөлж, шагналын 5.000.000 төгрөг, барилдсан бүх бөхчүүд давааны мөнгөө гардлаа. Ялагдсан багийн шагнал 1.000.000 төгрөг байв.

Улаанбаатар хотын багт улсын начин Б.Бадамсүрэн /5 даваа/, аймгийн арслан Л.Батсайхан /4 даваа/, Ч.Мөнхтогтох /5 даваа/, аймгийн заан М.Даваасүрэн  /3 даваа/, аймгийн харцага Э.Ширнэн /4 даваа/ - тай барилдсан бол Тува улсын баг Монгуш Сылдыс /1 даваа/, Монгуш Алексей /1 даваа/, Ооржак Кежик , Самдан Бады Маадыр /1 даваа/, Ондар Кундесонам /1 даваа/ нарын бүрэлдэхүүнтэй өрсөлдөв. Монгуш Начын сэлгээгээр орж барилдлаа. 

Техникийн саатлын улмаас тус барилдааныг шууд дамжуулж чадаагүй тул маргааш 15:00 цагаас SPS National сувгаар бүрэн эрхээр нь хүлээн авч үзээрэй.

Маргааш орой буюу 10-р сарын 05-ны 19:00 цагаас Завхан аймгийн баг Сүхбаатар дүүргийн багтай өрсөлдөнө. 

Таны сурталчилгаа