Дэлхийн улс орон, хотууд аялал жуулчлалыг дэмжих, өөрийн орны онцлог байдал, байгалийн үзэсгэлэнт газрууд, түүхэн дурсгалууд, хүн ардынхаа аж байдал, өв уламжлал, соёл түүхийг сурталчилан таниулах зорилгоор явган алхалтын томоохон фестиваль, арга хэмжээг зохион байгуулдаг.
3 дугаар сард Монголын явган алхалтын холбооны гишүүд, явган аялагчид Япон улсын Кюүшюү мужийн Яцүширо хотын 3 өдрийн явган алхалтын тэмцээнд амжилттай оролцож, багаараа "Хүрэл" медаль авчирч байсан бол үүнээс хойш нэгэн томоохон амжилт гаргасан нь 50 шахам хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг Дундад улсыг зорьж, БНХАУ-ын эдийн засаг, тээвэр ложистик, аялал жуулчлалын томоохон төв болсон Далиань хотод зохион байгуулагдсан "Олон улсын 21 дүгээр удаагийн явган алхалтын фестиваль"-д оролцоод багийн гишүүн бүр зорилгодоо хүрч мөн "Хүрэл" медалийн болзол хангаж, олон улсын алхагчийн үнэмлэхээ гардан авцгаажээ.
Энэхүү арга хэмжээнд Япон, Солонгос, Монгол, Орос, Хятад улсын алхагчид баг бүрдүүлэн идэвхтэй оролцсон бөгөөд олон улсын алхагчид нэгдэж алхацгаав. Нийт +50000 гаруй хүмүүс оролцсон гэсэн статистикийг зохион байгуулагчид дурдаж байв. Хүн мөрөн лугаа хуран цугласан иргэд явган алхаж, хотынхоо үзэсгэлэнт газрууд, түүхэн дурсгалууд, далайн эргийн аж байдлыг харуулсан маршрутаар алхахын зэрэгцээ замын туршид байгуулсан өртөөнүүд дээр цайны соёл, луугийн бүжиг, бөмбөрийн тоглолт, дуу хөгжим, эрүүл мэндийн бүтээгдэхүүний танилцуулга гээд олон зүйлийн хөтөлбөрүүдийг зохион байгуулж байснаар оролцогчдын сонирхлыг татаж байлаа.
Welcome party буюу арга хэмжээний албан ёсны нээлт болохоос нэг өдрийн өмнөх орой олон орны алхагчдыг хотын удирдлагууд, зохион байгуулагчид угтан авч, хүндэтгэлийн үдэшлэгийг зохион байгуулав. Хятад үндэсний хүндэтгэлийн хоол, зоог, сархад тэргүүтнээр дайлахын сацуу соёл урлагийн тоглолт, улс орны багийн ахлагч нар бэлэг солилцож, өөр хоорондоо танилцав. Солонгосын Чэжү арлын захирагч, Японы Кюүшюү мужийн Фүкүока хотын захирагч, Оросын Владивосток хотоос ирсэн алхагчид, Хятадын нэр алдартай уран бүтээлчид, бизнесийн хүрээлэл, төр захиргааны удирдлагууд гээд хүндтэй зочид нэлээдгүй иржээ.
Энэ үеэр Монголын алхагчдад Далиань хотын удирдлагууд онцгойлон баяр хүргэж, амжилт хүсэж, хожим мөн арга хэмжээний 2 дахь өдрийн алхалтыг Монгол үндэстний морин хуурын ая, бүжгээр эхлүүлэв. Харь холын нутагт морин хуурын аялгууг сонссон монголын алхагчид бий бийлж, хөгжилдөн баясацгаав.
Далайн эргийн зөөлөн уур амьсгал, таатай цаг улирлын нөлөөнд алхагчид амжилттай алхаж, зорьсон болзолоо хангаж БНХАУ-ын нийслэл Бээжин хотод хүрэлцэн ирсний дараа Дэлхийн паркт медаль, үнэмлэхээ гардан авах ёслолыг үйлдэн нутгийн зүг хөлгийн жолоо залав.
Монголын явган алхалтын холбооны гишүүд 6-р сард БНСУ, Чех, Люксенбург улсыг зорьж алхахаар төлөвлөсөн бөгөөд мөн Багануур, Багахангай, Өвөрхангай, Дорноговь аймгуудад томоохон алхалтын хөтөлбөрүүдийг төлөвлөж, зарим хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байна.
Алхалт үнэ цэнийг бүтээнэ. Дэлхий ертөнцийг өөрийн хөлөөр туулж, танин мэдэж, амьдралын баяр жаргалтай мөчийг бий болгох таатай боломж бол АЛХАЛТ юм. Өдөр бүр бидний хийдэг алхалт хэмээх энгийн үйлдлээр илүү том зорилгын төлөө нэгдэж байгаа явган аялагчдын дараа дараачийн аяны зам нь шинэ боломжоор арвин байж, олз омог дүүрэн байх нь гарцаагүй.