"Улаанбаатар-2023" Их дуулга тэмцээний сүүлийн өдөр манай тамирчдаас оргил амжилтыг ОУХМ Батхуягийн Гончигсүрэн үзүүлэх нь тодорхой болсон. Б.Гончигсүрэн энэ өдөр Степпе Аренад хуран чуулсан олныг баясган эхний тойрогтоо Даниэль Мукетег, хоёрын даваандаа Японы Котаро Үэокаг, хэсгийн аваргын төлөө Польшийн Пётр Кучераг ялсан. Улмаар хагас шигшээд энэ оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга IJF-ийн нэр дээр оролцож буй ОХУ-ын Арман Адамянийг ялж, хурсан олныг баясгаад байна. Энэ жинд түүнтэй аваргын төлөө Гүржийн домог Варлам Лепартелиани барилдана.