Цаг үеийн мэдээ

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Хөнгөн атлетикийн спортын Олон улсын хэмжээний мастер, хөнгөн атлетикийн ахмад тамирчин Буриадын Болдбаатар Монгол Улсад Прокурорын байгууллага байгуулагдсаны 90 жилийн ой, Говь-Алтай аймгийн Прокурорын байгууллага үүсэж байгуулагдсаны  80 жилийн ойн хүрээнд хүүхэд, залуучуудад үлгэр дуурайлыг бий болгох, тэдэнд тэсвэр тэвчээрийг харуулах зорилгоор 2020 онд Говь-алтай аймгийн Алтай хотын төв талбайгаас Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбай хүртэл “Хүчирхийллийн эсрэг хайр түгээе” уриа дор 1040 км замыг туулж гүйлт  хийсэн билээ.

Энэхүү 2020 онд гүйсэн гүйлтийнхээ амжилтыг бататгаж 2021 онд улс хувьсгалынхаа 100 жилийн ойгоор дахин гүйхээр Алтай-Завхан-Архангай-Улаанбаатар гэсэн маршрутаар “Эх түүхийн жимээр” уриа дор 1250 км замыг туулж хэт холын марафон гүйлтийг хийсэн.

Алтай хотоос 2020 онд Улаанбаатар хот хүртэлх 1040 км,  2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 1250 км замыг туулсан амжилтыг анхлан манлайлж 2020, 2021 онуудад хэт холын зайны спортын төрөлд олон хүнийг гүйх сэдлийг төрүүлж араасаа дагуулан буухиалж чадсан билээ. Тэгвэл тэрээр өнөөдөр 2023 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Эрүүл Монгол хүн " үндэсний хөдөлгөөн, Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээг угтан аймгийнхаа 18 сум 2 тосгоныг тойрох 1666 км замыг туулахаар 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс Шарга сумаас эхлэн 7 сарын 20-ны өдрийн байдлаар 11 дэх сумандаа очиж, нийт 1140 км замыг гүйж туулаад байна.

Энэхүү гүйлтээрээ Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2020 онд 1040 км, 2021 онд 1200 км гүйсэн туршлага дээрээ үндэслэн аймгийн бүх сумдаар хэт холын марафон гүйлт хийж, зорьсон зорилгодоо хүрэх, хүүхэд залуучуудад зорьсон зорилготой зорилгодоо хүрэхийн тулд тэсвэр тэвчээртэй тууштай, зориг хатуужилтай байж чадвал амжилтад хүрнэ гэдэг хүсэл мөрөөдлийг сэдэлжүүлэн идэвхжүүлэх зорилготой юм.

Мөн уг марафон  гүйлтийг “Эрүүл Монгол хүн хөдөлгөөн”, аймгийн Засаг даргын захирамжаар баталсан “Цэвэр-Алтай 100” аяны арга хэмжээтэй уялдуулан явуулж байгаа бөгөөд “Хантайшир-100” жилийн ойн хүрээнд  туг дэвтэр аялуулан сумдад ойн хүрээнд хийгдсэн ажлыг тайланг фото зургаар баримтжуулан үлдээх юм.

Тэсвэр тэвчээрийн гайхамшгийг хойч үедээ үлгэрлэн өөрийн биеэр үзүүлж хөнгөн атлетикийн спортын түүхэнд их амжилтыг дагуулж,  Засагт ханы хөх эрчүүд, зартай нутгийн сайн эрчүүдийн Монголд цуутай Алтайн хөх харчуулын нэг яах аргагүй мөнөөс мөн билээ.

Таны сурталчилгаа