Цаг үеийн мэдээ

 Монгол Улсын Засгийн газрын 2023 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаас “Оюутан цэрэг” сургалтад 1500 оюутан, суралцагчийг хамруулах шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу Дархан-Уул аймгийн зэвсэгт хүчний 330 дугаар ангийн хээрийн штабт нийт 45 оюутан, залуус сургалтын үйл ажиллагаанд амжилттай суралцаж цэргийн тангараг өргөлөө.

Тэд цэргийн ерөнхий бэлтгэлийн сургалтыг танхимын хэлбэрээр хоёр сарын хугацаанд дүүргэж, зургаадугаар сарын 19-ний өдрөөс цэргийн штабын хээрийн сургалтын төвд байрлан цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад хамрагдан хоёр сарын хугацааг өнгөрүүлсэн аж.

“Оюутан-цэрэг” сургалт нь анх 2014 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд явагдсан найман удаагийн сургалтад хот, хөдөөгийн их, дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн 7000 гаруй оюутан, суралцагсад хамрагдаж, тэдгээр залуус өнөөдөр улс орныхоо хөгжил, цэцэглэлтэд гар бие оролцон үлгэрлэн манлайлж суралцаж, ажиллаж байна.

Түүнчлэн улс орны батлан хамгаалах чадавхыг сайжруулах, дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг нэмэгдүүлэх, төрийн алба хаших, батлан хамгаалах бэлтгэлтэй иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор оюутан залуусыг их, дээд сургуульд суралцах хугацаандаа цэргийн алба хаах боломжийг бүрдүүлсэн нь тэдгээрийг цэрэг-эх оронч үзэл, хүмүүжилтэй, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдрын болон сэтгэл зүйн тэвчээртэй болгон төлөвшүүлж байгаа нь олон нийтийн дэмжлэгийг авч тус сургалтын эрэлт, хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдэж буйг албаныхан онцоллоо.