Цаг үеийн мэдээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас цахимаар удирдан зохион байгуулав.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр:

-Манай байгууллага нийтийн эзэмшлийн гудамж, талбайн цэвэрлэгээ болон хариуцсан талбайн хогийн сав, хайс, хашлага, хөшөө, дурсгал, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт, нөхөн сэргээлт, мөн төвлөрсөн гурван хогийн цэгийн үйл ажиллагаа, эзэнгүй нохой, муурын устгалыг хариуцдаг. Түүнчлэн Алтан-Өлгий хүндэтгэлийн оршуулгын газрын арчлалт, хамгаалалт болон нийтийн бие засах 10 газрын үйл ажиллагааг хариуцан ажилладаг хэмээв.

Мөн 39 байршлын 1066 гарааш чөлөөлсөн талбайд бүтээн байгуулалтын ажил хийсэн байна. Түүнчлэн машин механизм хүрэлцэхгүй, парк шинэчлэл хийх, бодисын агуулах байгуулах хэрэгтэй зэрэг тулгамдсан асуудлаа хэлж байв.

Хог тээвэр, зам цэвэрлэгээний байгууллагуудын тоног төхөөрөмж, машин механизмын хүчин чадлын талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:

-Нийслэлийн есөн дүүрэгт хог тээвэр, цэвэрлэгээ, үйлчилгээний чиглэлээр 32 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Хог тээврийн 509 машин механизм бүртгэлтэй боловч 385-ыг нь өдөр тутам ашиглаж байна. 361 жолооч, 536 ачигч ажиллаж байгаа. Зам, талбайн цэвэрлэгээнд 658 үйлчлэгч, 221 машин, тоног төхөөрөмжтэй ажиллаж байна. Хог тээврийн 207 машин 10-аас олон жил болсон. Өөрөөр хэлбэл, машин механизмын 50 орчим хувь нь хуучирсан байна гэв.

Мөн хот тохижилт, зам цэвэрлэгээний компаниуд шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтаа ирүүлсэн бөгөөд 187 машин механизм хэрэгтэй байгаа юм. Улаанбаатар хот БНХАУ-ын Чунчин хоттой ах дүүгийн найрамдалт харилцаатай. Энэ хүрээнд хот тохижилт, үерийн барилга, байгууламжийн зориулалтаар нэн тэргүүнд шаардлагатай 100 гаруй машин механизмыг хөнгөлөлттэй үнээр авахаар болжээ.

Үүний дараа дүүргүүдийн Засаг дарга нар өвөлжилтийн бэлтгэл, хөрөнгө оруулалтын ажил болон тэдгээрт тулгамдаж буй асуудлаа хэлсэн юм. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 97 ажил төлөвлөснөөс хэрэгжилт 63 хувьтай байна. Сүхбаатар дүүргийн хэмжээнд хөрөнгө оруулалтын 89 арга хэмжээ хэрэгжихээс 44 нь бүрэн хэрэгжжээ.  Мөн өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай, 560 тонн давс нөөцөлсөн байна. Баянгол дүүрэг өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 60 ажил төлөвлөснөөс хэрэгжилт 40 хувьтай байгаа бол Хан-Уул дүүргийнх 63 хувьтай байна. Баянзүрх дүүргийн хувьд давс, бодисын нөөцийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байгааг хэлж байлаа.

Хотын дарга өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангаж, хариуцлагатай, шуурхай ажиллахыг үүрэг болгов.

Авто зам, инженерийн шугам сүлжээний ажлын нөхөн сэргээлт, засварын ажилд чанар, стандартыг хэрхэн хангуулж байгаа талаар Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам “Бага тойруугийн дулааны шугам, сүлжээ өргөтгөж байгаа гүйцэтгэлд хяналт, шалгалт хийсэн. Гүйцэтгэл 98 хувьтай, нөхөн сэргээлт 50 хувьтай байна” гэв. Мөн захиалагчийн хяналт сул, Нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэх журмыг шинэчлэх шаардлагатай байгааг хэлж байлаа.