Цаг үеийн мэдээ

Австралийн Сидней хотын “Stadium Australia” цэнгэлдэх хүрээлэнд өнөө орой эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ий шувтаргын тоглолт болж, Испанийн шигшээ баг Ольга Кармонагийн эхний үед хийсэн цохилтоор Английн багийг 1-0 харьцаагаар буулган авснаар эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-д анх удаа түрүүллээ.

Хоёр багийн хувьд анх удаагаа финалын шатанд тунан үлдсэн нь энэ юм. Английн “Эрслэнгүүд” нэг ч хожигдолгүйгээр финалд хүрч, 1966 оноос хойш анх удаагаа дэлхийн аваргын цомыг эх орондоо авчрахыг зорьж байсан юм.

Гэвч ялалт испани бүсгүйчүүдэд ирж, тэд анхны олон улсын том тэмцээний цомыг авч чадлаа.

Тоглолтын эхний үед хоёр баг эн тэнцүү өрсөлдөж байсан боловч испани бүсгүйчүүд арай илүү шаргуу тоглож, илүү аз хийморьтой байлаа.  Испанийн багийн ахлагч О.Кармона 29 дэх минутад эхний гоолыг хаалганд оруулсан бол 1-р үеийн нэмэлт цагт Она Баттле гоол хийх тун дөхлөө. 

Английн шигшээ багийн хаалгач Мэри Эрпс тоглолтын 70 дахь минутад Женни Хермосогийн торгуулийн цохилтыг гайхалтай хаасан нь тоглолтын онцлох мөчүүдийн нэг байлаа.

Тоглолтын 90 минут дуусаж байхад шүүгчийн зүгээс торгуулийн цохилтод зарцуулсан хугацаа болон Алекс Гринвүүдын бэртэл зэргийг тооцож, тоглолтыг 13 минутаар сунгасан юм.

Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн 2023 оны ДАШТ-ий Шилдэг залуу тоглогчийн шагналыг Испанийн тамирчин Сальма Параллуэло хүртлээ.

Харин “Алтан бээлий” шагналын эзнээр Английн хаалгач Мэри Эрпс тодорчээ.

Мөн тэмцээний шилдэг тоглогчид гардуулдаг “Алтан бөмбөг” шагналыг Испанийн хагас хамгаалагч Айтана Бонмати хүртлээ.

Таны сурталчилгаа