Цаг үеийн мэдээ

Улаанбаатар, хот орчмын түүх соёл, өв уламжлал, ахуй байдал, байгалийн үзэсгэлэнт газруудыг сурталчлан таниулах замаар нийслэлийн аялал жуулчлалд хувь нэмрээ оруулах, олон улсын нөхөрлөлийг дэмжих зорилгоор "Улаанбаатар явган алхалтын фестиваль 2023" (Ulaanbaatar Walking Festival 2023) арга хэмжээ 2023 оны 8 дугаар сарын 25-аас 27-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Тус фестивалийг Нийслэлийн Засаг Даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын явган алхалтын холбоо, Монгол Оллэ нийгэмлэг хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил Монголын явган алхагчдаас гадна Тайвань, Чех, Хятад, Орос, Австрали, Казахстан, Япон, Солонгосын явган алхагчид оролцох юм. Цаашид тус фестиваль нь жил бүрийн 8-р сард уламжлал болон зохион байгуулагдах бөгөөд дэлхийн олон орны иргэд оролцдог томоохон арга хэмжээ болж хүрээгээ тэлэх юм.

Явган алхагчид гэр бүл, найз нөхөд, хамт олноороо тус фестивальд оролцохоор нэгдэж байгаа бөгөөд байгалийн сайхныг тольдож, эрүүл мэнддээ хөрөнгө оруулж, олон орны хүмүүстэй танилцаж, монголынхоо өв соёлыг сурталчилж, нөхөрлөлийн хүрээгээ тэлэх сайхан боломжууд бүрдэж байна.

Арга хэмжээ нь Улаанбаатар хотын Баянзүрх, Налайх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдах бөгөөд 8 сарын 25-ны өдөр 15 км, 8 сарын 26-ны өдөр 10 км, 8 сарын 27-ны өдөр 10 км-ийн алхалтуудыг тус тус хийх юм.

Таны сурталчилгаа